Эдийн засаг, хөгжлийн яам, Гадаад харилцааны яам, Монгол дахь НҮБ хамтран Алсын хараа – 2050 Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Тогтвортой хөгжлийн зорилгуудын талаарх олон нийтийн мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх, хэрэгжилтийг эрчимжүүлэх, иргэд байгууллагуудын оролцоог дэмжихэд чиглэсэн Тогтвортой хөгжлийн зорилго нээлттэй өдөрлөг Сүхбаатарын талбайд зохион байгуулагдлаа. Өдөрлөгт аж ахуй нэгжүүд өөрсдийн хэрэгжүүлсэн сайн туршлагаа танилцуулсан.
Тогтвортой хөгжлийн зорилго нээлттэй өдөрлөгийн үеэр Баянзүрх дүүрэгт хийгдэж буй Олон Улсын Эко цэцэрлэгт хүрээлэнгийн төслийг танилцуулсан. Баянзүрх дүүрэгт Олон Улсын эко цэцэрлэгт хүрээлэн байгуулагдана. Дүүргийн 20,23,28 дугаар хорооны нутаг дэвсгэрт энэхүү цэцэрлэгт хүрээлэн байгуулагдах бөгөөд иргэд амарч зугаалах, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломжтой орчинг бий болгох үүднээс энэхүү төслийг хэрэгжүүлэхээр болсон. Улаанбаатар хотын ундны усны нөөцийг хамгаалахаас гадна амарч зугаалахаар ирсэн иргэд дэлхийн улс орны түүхээр аялах боломжтой зэрэг олон талын ач холбогдолтой.
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн дараа орох, цэцэрлэгт хүрээлэн Баянзүрх дүүрэгт бий болж, эх дэлхийгээ ногоон өнгөөр будах санаачилгыг дэмжиж байгааг өдөрлөгт оролцсон төлөөллүүд хэлж байлаа.
Олон Улсын цэцэрлэгт хүрээлэнгийн 300 га талбайд тохижилт, бүтээн байгуулалт хийх ажил 2036 он хүртэл үргэлжилнэ.