Сонгинохайрхан зорчигч үйлчилгээний төв буюу бидний хэлж заншсан Драгон төв наймдугаар сарын 25-наас “Номин” худалдааны төвийн хажууд байрлах авто вокзалаас улс, хот хоорондын зорчигчийн тээвэрлэлтийн үйл ажиллагаагаа эхлүүллээ.
Улсын хэмжээнд хот хооронд 48 чиглэлд 58 ААН-ийн 700 гаруй тээврийн хэрэгсэл үйлчилж, жилд дунджаар 1.5 сая хүн зорчдог. Эдгээрийн 80 хувь нь Драгон төвд хуваарилагддаг бөгөөд нийт 36 чиглэлд үйлчилдэг юм байна.
Шинэ зорчигч үйлчилгээний төв рүү шилжсэнээр нийтийн зориулалттай талбай хуучнаас тав дахин, авто буудлын үйлчилгээний талбай 1,5 дахин нэмэгдэж үйлчилгээний чанар, хүртээмж, аюулгүй байдал, зохион байгуулалт сайжрах боломж бүрдэх аж.
Автотээврийн Үндэсний төв ТӨҮГ-ын Зорчигч тээврийн хэлтсийн дарга Г.Дуламсүрэн, Сонгинохайрхан зорчигч үйлчилгээний төвөөр өдөрт хамгийн бага ачаалалтай үедээ 3000-4000, оргил ачааллын үедээ 8000-10.000 зорчигч үйлчлүүлдэг. Бид иргэнд хэрэгцээтэй бүх үйлчилгээг бүрдүүлж ажиллаж байна. Шинэ авто вокзалдаа нийтийн тээвэр, таксины зогсоол, ачаа зөөх тэрэг, гар утас цэнэглэх цэг, бэлэн мөнгөний машин /ATM/, кофешоп, хоолны газар зэрэг хэрэгцээт бүх үйлчилгээ үзүүлнэ. Цаашид үйлчилгээгээ илүү сайжруулах тул хүлээцтэй, соёлтой үйлчлүүлэхийг хүсэж байна гэв.