Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй “Тогтвортой санхүүгийн долоо хоног 2023” цуврал арга хэмжээ өнөөдөр сүүлийн өдрөө үргэлжилж байна. Тус цуврал хэлэлцүүлгийн Ногоон бондын салбар хуралдааныг өнөөдөр Ерөнхийлөгчийн тамгын газар, Санхүүгийн зохицуулах хороо, ТоС холбоо болон ХААН Банк хамтран зохион байгууллаа.
ХААН Банк Монгол Улсын сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний хэмнэлт, ногоон барилга байгууламж, хүрээлэн буй орчинд ээлтэй хөдөө аж ахуйн төсөл зэрэг ногоон зээл, ногоон эдийн засгийг дэмжих, санхүүжилтийн эх үүсвэрээ төрөлжүүлэхэд онцгойлон анхаарч, сүүлийн жилүүдэд Засгийн газар болон олон улсын санхүүгийн байгууллагуудын санхүүжилтээр нийт 210 гаруй сая ам.долларын ногоон эх үүсвэр амжилттай татан төвлөрүүлээд байна. Тухайлбал, энэ оны 3-р сард олон улсын зах зээлд Ногоон бонд амжилттай гаргасан бол хэдхэн хоногийн өмнө дотоодын Хөрөнгийн зах зээлд анхны Ногоон бонд гаргах зөвшөөрлөө Санхүүгийн зохицуулах хорооноос аваад байгаа билээ.
2023 оны эхний улирлын байдлаар нийт арилжааны банкуудын ногоон зээлийн багц 301.7 тэрбум төгрөг байгаагаас 38.5 хувийг ХААН Банк дангаар бүрдүүлж байна. Энэ онд ХААН Банк ногоон зээлийн багцаа өмнөх оноос 4 дахин нэмэгдүүлэхээр төлөвлөн ажиллаж буй.
ХААН Банкны Гүйцэтгэх захирал Р.Мөнхтуяа “Тогтвортой хөгжил, тогтвортой санхүүжилтийн чиглэлд банкны салбар манлайлж, Монгол Улсын Тогтвортой хөгжил, ногоон эдийн засгийн орчныг хөгжүүлэхэд бодитой ажлуудыг хэрэгжүүлэн ажиллаж байгааг хэлэхэд таатай байна. Үүний тод жишээ нь Монголын Тогтвортой санхүүжилтийн хөтөлбөр яах аргагүй мөн. 2013 онд банкуудын санаачилгаар Монголын банкны холбооны дэргэд ТоС хөтөлбөрийг байгуулж байсан бол өнөөдөр бие даасан байгууллага болтлоо өргөжсөн байна. Ингэснээр үндэсний хэмжээнд тогтвортой санхүүжилтийн томоохон ажлуудыг ТоС холбоо нь арилжааны банкууд болон зохицуулагч байгууллагууд, төрийн оролцоотой хэрэгжүүлсээр ирлээ. Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 2-рт эрэмбэлэгддэг, хамгийн том банкны хувьд ХААН Банк хийж хэрэгжүүлсэн ажил, сайн туршлагаа бусадтай хуваалцаж, хамдтаа өсөж хөгжин, улс орныхоо ногоон эдийн засаг, тогтвортой хөгжлийн үндэсний хэмжээний зорилтуудыг биелүүлэхэд бодитой хувь нэмрээ оруулахаар хичээн ажиллаж байгаа. Ялангуяа өнөөдөр Ногоон бонд гаргах үйл явцын туршлагаа та бүхэнтэй хуваалцаж, үндэсний хэмжээний сорилт, ололтыг хэлэлцэн, санал шийдэл ярилцах гэж байгаадаа баяртай байна” хэмээн арга хэмжээний нээлтийн үеэр сэтгэгдлээ хуваалцсан юм.