Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газар, ТоС Холбоо, IFS, ОУСК, Худалдаа, хөгжлийн банк (ХХБ), бусад гадаад, дотоодын дэмжигч байгууллагууд Ногоон Санхүүгийн Олон Улсын Манлайллын Хөтөлбөр 2023 -г зохион байгуулж байна. Хөтөлбөрийн хүрээнд “Ногоон, Тогтвортой хөгжилд тэмүүлсэн ирээдүйг санхүүжүүлэх нь” цуврал хэлэлцүүлэг боллоо. Арга хэмжээнд
- Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх,
- Санхүү, Тогтвортой Байдлын Институтийн ерөнхийлөгч, БНХАУ-ын Ногоон Санхүүгийн Үндэсний Зөвлөлийн дарга Ма Жүн,
- Монголын Тогтвортой Санхүүгийн Холбооны Удирдах зөвлөлийн дарга, Худалдаа Хөгжлийн Банкны Гүйцэтгэх Захирал О.Орхон,
- Олон улсын санхүүгийн корпорацын Суурин төлөөлөгч Руфат Алимарданов нар үг хэллээ.
6 сарын 14-ний өдөр зохион байгуулагдсан Панел хэлэлцүүлгүүд дараах сэдвийн хүрээнд өрнөлөө.
Хэлэлцүүлэг 1: Тогтвортой санхүүгийн олон улсын чиг хандлага
Карбон бага, ногоон шилжилт нь тогтвортой санхүүг ахисан түвшинд хэрэгжүүлэх үндэс болж буй бөгөөд Хөрөнгө оруулагчид томоохон хэмжээний санхүүжилтийг тогтвортой, ногоон төслүүд рүү чиглүүлснээр санхүүгийн шинэлэг бүтээгдэхүүн бий болж, зохицуулалтын орчин дагаад улам бүр боловсронгуй болж байна. Үүнтэй холбоотойгоор уг хэлэлцүүлгийн үеэр Европын Холбоо, Их 20, COP, SBFN болон дэлхийн бусад голлох платформуудын үндсэн чиглэл, ойлголтыг багтаасан даян дэлхийн тогтвортой санхүүгийн сүүлийн үеийн чиг хандлагын талаар өндөр түвшний яриа хэлэлцүүлэг өрнүүллээ. Хэлэлцүүлгээр дамжуулан оролцогчдод нөлөө, үр дүн, зохицуулалтууд, бусад арга хэрэгслүүдийн талаар мэдээлэл өгөх, гол саад бэрхшээлийг хэлэлцэх, шийдэл боловсруулах зорилготой байлаа.
Хэлэлцүүлэг 2: Шилжилтийн үеийн санхүүжилт болон хөрөнгө оруулагчдын хүлээлт – Ололт амжилт ба цаашдын алхам
Тогтвортой болон шилжилтийн үеийн хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэх түлхүүр нь санхүүгийн салбар юм. Нөгөө талдаа дэлхийн санхүүгийн зах зээл дэх тогтвортой хөрөнгө оруулалтын эзлэх хувь бага хэвээр байгаа ч эрэлт урьд өмнөхөөсөө тогтмол өсөн нэмэгдэж байна. Энэхүү хэлэлцүүлгийн үеэр Монгол Улс, БНХАУ, Япон, Европ, АНУ-ын санхүүгийн байгууллагууд, хөрөнгө оруулагчдын тогтвортой санхүүгийн санаачилгуудын хүрээнд сайн жишээ, тогтвортой хөрөнгө оруулалт болон хувийн хэвшлийн бусад сайн туршлагыг танилцууллаа. Тус хэлэлцүүлэг нь шилжилтийн үеийн санхүүжилтийн сэдвийг хөндөж, санхүүгийн байгууллагуудад харилцагчдынхаа карбон бага шилжилтийг нь дэмжих, удирдах арга замыг санал болголоо.
Хэлэлцүүлэг 3: Парисын хэлэлцээрт нийцэх шилжилтийг дэмжих бодлогын урамшуулал
ТХЗ болон Парисын хэлэлцээрийн зорилтуудад хүрэхийн тулд хувийн хэвшлийн тогтвортой хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх шаардлагатай. Энэ зорилгод хүрэхийн тулд бодлогын хөшүүрэг болон эрсдэлийг бууруулах хэрэгслүүд чухал үүрэг гүйцэтгэдэг нь олон улсад хүлээн зөвшөөрөгдөж, Их 20-ийн тогтвортой санхүүжилтийн ажлын хэсгээр ч энэ асуудлыг онцгойлон хэлэлцсэн. Бодлого боловсруулагчид санхүүгийн зах зээлд тогтвортой санхүүгийн тогтолцоог цогцоор бий болгохын тулд үнийн болон үнэд суурилдаггүй олон төрлийн хэрэгслийг ашиглаж болно. Энэ хэсгийн хэлэлцүүлгээр санхүүгийн зохицуулагчид болон бодлого боловсруулагчдын нэн чухал үүрэг, оролцоог хэлэлцэж, Хятад, Индонез, Бангладеш, Монгол, Гүрж, Европ зэрэг орнуудын жишээ, түүнчлэн Санхүүгийн Системийг Ногооруулах Олон улсын Холбоо (NGFS) зэрэг холбоодын туршлагуудаас суралцлаа.
Хэлэлцүүлэг 4: Холимог санхүүжилтийг амжилттай хэрэгжүүлэх хүчин зүйлүүд
Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг үйл ажиллагааны санхүүжилтийн хэмжээг нэмэгдүүлэх, ТХЗ-ын биелэлтийг хурдасгахын тулд холимог санхүү, ногоон санхүүгийн байгууллагууд хувийн хөрөнгө оруулалтыг эрчимжүүлэх, эрсдэлийг бууруулах, тогтвортой бизнес, төслүүдийн амжилттай хэрэгжих чадавхыг нэмэгдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ. Нөгөөтээгүүр, эдгээр санхүүжилтийн механизмыг дэмжихийн тулд холимог санхүүгийн практик хэрэглээг бий болгох, төр, хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулах, институцийн тогтолцоог бэхжүүлэхэд илүү их туршлага шаардагдана. Энэ хэсэгт Ази, Африкийн туршлагад тулгуурлан ногоон санхүүгийн байгууллагууд болон холимог санхүүжилтийн үүрэг, холбогдох шийдлүүдийг хэрэгжүүлэх таатай орчныг бүрдүүлэх бодлогын дэмжлэг, оролцоог хэлэлцлээ.