ХVII жарны Үзэсгэлэн болгогч хэмээх Усан туулай жилийн сар шинийн баярыг тохиолдуулан “Агийн улаан хаан” баатарлаг туулийг хайлах ёслол хоёрдугаар сарын 23-ны өдөр “Чингис хаан” музейд болжээ. Энэхүү туулийг өөрийн өвөг дээдсээс өвлөн уламжилсан туульч Ч.Эрдэнэбаатар хайлсан байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар баатарлаг тууль хайлах ёслолыг “Чингис хаан” музейн хүндэтгэлийн танхимд олон нийтэд нээлттэй хэлбэрээр хоёр дахь удаагаа зохион байгуулж байгаа юм. Энэ удаагийн тууль хайлах ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх Д.Бум-Очир оролцож, монгол баатарлаг туульсынхаа агуулга, ач холбогдлыг таньж ойлгох, дэмжин дэлгэрүүлэх, өв соёлоо хүндэтгэн дээдлэх, хадгалах, уламжлуулан хамгаалах үйлсэд идэвх санаачилгатай оролцож, ёслолыг хамтран зохион байгуулж буй “Чингис хаан” музейн удирдлага, хамт олон болоод хүрэлцэн ирсэн хүмүүст гүн талархал илэрхийлжээ. Мөн Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан “Бужин Даваа хаан” баатарлаг туульс хайлсан билээ.
Эх сурвалж: Ерөнхийлөгчийн тамгын газар