Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, хатагтай Фиона Блайт Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.
Монгол Улсын Ерөнхийлөгч түүнийг Элчин сайдаар томилогдсонд нь баяр хүргэж, амжилт хүсэв. Тэрбээр Монгол, Британийн хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 60 жилийн ой энэ онд тохиож буйг онцолж, харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэн, дээд, өндөр хэмжээний айлчлал хэрэгжүүлэхийг чухалчилж байгааг тэмдэглэлээ.
Элчин сайд Фиона Блайт хоёр улсын харилцааг өргөжүүлэхийн төлөө хичээн ажиллахаа илэрхийлсэн юм.
Фиона Блайт Их Британийн Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Үндэсний аюулгүй байдлын нарийн бичгийн даргын алба, Гадаад хэрэг, хамтын нөхөрлөлийн яам, НҮБ-ын дэргэд суугаа Британийн Байнгын төлөөлөгчийн газар, Сомали дахь НҮБ-ын төлөөлөгчийн газарт ажиллаж байсан юм.
Эх сурвалж: Ерөнхийлөгчийн Тамгын Газар