Нийслэл Улаанбаатар хотын дагуул хот, эдийн засгийн тусгай бүсийг байгуулах томоохон зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэх гол хөшүүрэг нь төр, хувийн хэвшлийн түншлэл, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын хамтын ажиллагаа билээ. Энэ ч утгаараа Нийслэлийн Дагуул хот, эдийн засгийн тусгай бүсийн хөгжлийн газрын зүгээс гадаад, дотоодын хөрөнгө оруулагчидтай уулзалт хийж, хамтын ажиллагааг эхлүүлэхээр зорьж байна.
Уг ажлын хүрээнд БНХАУ-ын томоохон групп компанийн төлөөлөлтэй уулзалт хийж, хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалт татах боломжийн талаар хэлэлцлээ. Уулзалтад Нийслэлийн Дагуул хот, эдийн засгийн тусгай бүсийн хөгжлийн газрын дарга Б.Мэндсайхан, Захиргаа, төлөвлөлт, хуулийн хэлтсийн дарга Б.Цэнд-Аюуш, Дагуул хотын хөгжлийн хэлтсийн дарга А.Мөнгөн, БНХАУ-ын “Shaanxi Transportation Holding Group” Co.,Ltd компанийн төлөөлөгч хатагтай Юү Ен, Жүнсон констракшны захирал М.Бат-Очир, менежер Б.Батнасан нар оролцлоо.
Уулзалтын үеэр Нийслэлийн Дагуул хот, эдийн засгийн тусгай бүсийн хөгжлийн газрын дарга Б.Мэндсайхан холбогдох баримт бичгүүдэд тусгагдсан дагуул хот, эдийн засгийн тусгай бүсийн төсөл хөтөлбөрийн талаар уулзалтад оролцогчдод дэлгэрэнгүй танилцуулж, мэдээлэл хүргэсэн юм. Түүнчлэн дагуул хот, эдийн засгийн тусгай бүсийн төсөл, хөтөлбөр нь урт хугацааны томоохон төслүүд учир хөрөнгө оруулагчдад аль болох таатай хамтын ажиллагааны нөхцөлийг санал болгож байгаа талаар онцолсон юм.