Нийслэлийн Дагуул хот, эдийн засгийн тусгай бүсийн хөгжлийн газар нь Монгол улсын урт, дунд хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийн дагуу дагуул хот, эдийн засгийн тусгай бүсийг байгуулж, хөгжүүлэхээр ажиллаж байна. Энэ хүрээнд БНХАУ-ын Тяньжин Экосити төслийг хэрэгжүүлж буй удирдлагын багтай ээлжит цахим уулзалт хийж, хамтын ажиллагааны санамж бичиг байгуулан хамтран ажиллахаар боллоо.
Уулзалтад Нийслэлийн Дагуул хот, эдийн засгийн тусгай бүсийн хөгжлийн газрын дарга Б.Мэндсайхан, Дагуул хотын хөгжлийн хэлтсийн дарга А.Мөнгөн, Эдийн засгийн тусгай бүсийн хөгжлийн хэлтсийн дарга Э.Энхзаяа, Гадаад харилцааны асуудал хариуцсан мэргэжилтэн П.Мөнхтогт болон Хятад, Сингапурын хамтарсан Тяньжин Экосити төслийн Ухаалаг хот хөгжүүлэлтийн Хорооны дарга Занг Чикуанг, Хятад, Сингапурын хамтарсан Тяньжин Экосити төслийн Эрүүл мэндийн хорооны дарга Фан Жуан, Экосити төслийн Ухаалаг хот төлөвлөлтийн зөвлөх Рэн Ки зэрэг албаны хүмүүс оролцлоо.
Уулзалтаар БНХАУ-ын Тяньжин Экосити төслийг хэрэгжүүлэгч удирдлагын багтай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах асуудал болон Тяньжин Экосити төслийг хэрэгжүүлэгч удирдлагын багийн Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод ирэх сард хийх айлчлалтай холбоотой асуудлуудыг хэлэлцсэн юм. Тэр дундаа нийслэл Улаанбаатар хотын ойр орчимд дагуул хот, эдийн засгийн тусгай бүсийг байгуулах асуудалд дэмжлэг, туслалцаа үзүүлэх, туршлага солилцох, хүний нөөцийг чадавхжуулах тал дээр хамтран ажиллахаар тохиролцлоо. Цаашид БНХАУ-ын Тяньжин Экосити төслийг хэрэгжүүлж буй удирдлагын багтай хамтын ажиллагаагаа өргөжүүлснээр дагуул хот, эдийн засгийн тусгай бүсийн төсөл, хөтөлбөрүүд хурдтайгаар урагшлахад томоохон түлхэц болох юм.