Улаанбаатар хотын дагуул хот, эдийн засгийн тусгай бүсийг байгуулах ажлын хүрээнд Буянт-Ухаа орчмын зарим инженерийн дэд бүтцийн ашиглалтыг сайжруулах, бодит үр өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлээр Био сонгино чиглэлийн төмөр замын өмчлөгч “Сонсголон бармат” ХК-ийн гүйцэтгэх захирал С.Сүхбаатар, Монголын төмөр замын инженерүүдийн холбооны тэргүүн Л.Пүрэвбаатар болон “Ар богдын зам” ХХК-ийн менежер Л.Хүрэлбат нартай уулзалт хийж, ашиглалтыг сэргээх, ашиглах тал дээр санал солилцож хамтран ажиллахаар боллоо.
Уулзалтаар Улаанбаатар хотын төмөр замын зарим сүлжээг сэргээн ашиглах, зарим хэрэгжүүлэхээр зорьж буй төмөр замын төслүүдийн талаар мэдээлэл солилцож ажиллалаа. Тэр дундаа Толгойт өртөөнөөс салаалсан Био-Сонгино чиглэлийн хуучин төмөр замын шугамыг сэргээн ашиглах боломжийн талаар хэлэлцлээ.
Газрын дарга Б.Мэндсайхан хэлсэн үгэндээ, Нийслэлийн зүгээс Улаанбаатар хотын ойр орчимд төлөвлөгдсөн дагуул хотын төсөл, хөтөлбөрт ихээхэн ач холбогдол өгч байгаа. Энэ хүрээнд хувийн хэвшлийн эзэмшилд байгаа дэд бүтцийн ашиглалтыг сайжруулах тал дээр бодлогоор дэмжлэг үзүүлэхэд нийслэлийн зүгээс ихээхэн анхаарал хандуулж буй талаар онцолсон юм.