Нийслэлийн Дагуул хот, эдийн засгийн тусгай бүсийн хөгжлийн газрын зүгээс нийслэл Улаанбаатар ойр орчимд төлөвлөгдсөн дагуул хотуудыг байгуулах, хөгжүүлэх томоохон ажлыг эхлүүлэхээр зорьж байна. Энэ хүрээнд БНСУ-ын хөрөнгө оруулагчидтай дагуул хот, эдийн засгийн тусгай бүсийн төсөл, хөтөлбөр дээр хамтран ажиллахаар харилцан ойлголцлын санамж бичгийг байгууллаа. Уг үйл ажиллагаанд Нийслэлийн Дагуул хот, эдийн засгийн тусгай бүсийн хөгжлийн газрын дарга Б.Мэндсайхан, Эс Ай Кей (SIK Co.Ltd) компанийн ерөнхийлөгч Жонг Юун Сү болон холбогдох албаны хүмүүс оролцлоо.
Санамж бичиг байгуулагдсанаар дагуул хот, эдийн засгийн тусгай бүсийг байгуулахад шаардлагатай техник эдийн засгийн үндэслэл боловсруулах, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний ажилд шаардагдах хөрөнгийг түншлэл, хамтын ажиллагааны шугамаар шийдвэрлэх боломж бүрдэх юм.
Нийслэлийн Дагуул хот, эдийн засгийн тусгай бүсийн хөгжлийн газрын дарга Б. Мэндсайхан хэлэхдээ, Энэхүү санамж бичиг байгуулагдсанаар ганцхан нийслэл Улаанбаатар хот гэлтгүй, Монгол Улсын хувьд сайн туршлага болох дагуул хот, эдийн засгийн тусгай бүсийн төсөл, хөтөлбөрийг эхлүүлэх боломж бүрдэж буй талаар онцолсон юм.
Эс Ай Кей хөрөнгө оруулалтын компанийн ерөнхийлөгч Жонг Юун Сү санамж бичиг байгуулах үеэр хэлсэн үгэндээ, Улаанбаатар хотын ойр орчимд төлөвлөгдсөн дагуул хот, эдийн засгийн тусгай бүсийг байгуулах ажилд БНСУ-ын хөрөнгө оруулагчдыг татан оруулах, хамтран ажиллах тал дээр гүүр болж ажиллахаа илэрхийлсэн юм.