Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэнд иргэд эрүүл, цэвэр агаарт алхаж гүйх, дасгал хөдөлгөөн хийх, бага насны хүүхдээ салхилуулах зорилгоор зуны улиралд өдөрт дунджаар 12,000-20,000 хүн зочилдог байна. Эдгээрийн 50 орчим хувь бага насны хүүхэд байдаг.
Тиймээс иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах, тарьсан мод цэцэгсийг хамгаалах зорилгоор хүрээлэнгийн талбай руу цахилгаан дугуй, мопед, сурронтой нэвтрэхийг хориглодог болохыг тус газраас мэдээллээ.
Гэсэн ч өсвөр насны хүүхдүүд хориглосон тэмдгээр дайран орж, мод цэцэгс талхлах, цаашлаад иргэдийн аюулгүй байдал, эрүүл мэндэд хохирол учруулдаг аж.
Цахилгаан дугуй буюу суррон, мопедыг 18-аас доош насны хүүхэд унаж байх үедээ осол гаргасан тохиолдолд эцэг эх, асран хамгаалагч нар нь хариуцагчаар татагдах журамтай гэдгийг тээврийн цагдаагийн албанаас анхааруулдаг.
Тиймээс эцэг эх, асран хамгаалагч та бүхэн өсвөр үеийн хүүхдүүддээ ухамсарлуулж, хориглосон тэмдгээр Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэнгийн талбай руу нэвтрүүлэхгүй байхыг анхаарахыг хүсжээ.
Хориглосон тэмдгээр нэвтэрсэн тохиолдолд тус байгууллага Тээврийн Цагдаагийн Албанд мэдэгдэнэ гэдгээ цахим хуудсандаа нийтэлжээ.