2024 оны дөрөвдүгээр сарын 10-наас 2024 оны дөрөвдүгээр сарын 14-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв мэдээллийг хүргэж байна.
Дөрөвдүгээр сарын 10, 11-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дорнодын тал нутгаар бороо, нойтон цас, 12-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 13-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.
Салхи 11-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 12-нд Алтайн салбар уулс, Арц Богдын өвөр хоолойгоор, 13-нд ихэнх нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -5...-10 градус хүйтэн, өдөртөө -2...+3 градус дулаан, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Байдраг, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -1...-6 градус хүйтэн, өдөртөө +5...+10 градус, говийн бүс нутгаар шөнөдөө +3...+8 градус, өдөртөө +18...+23 градус, бусад нутгаар шөнөдөө -2...+3 градус, өдөртөө +11...+16 градус дулаан байна. 12-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 13-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар хүйтэрнэ.