Эрүүл мэндийн даатгал төлдөг ч ихэнх хүн урьдчилан сэргийлэх болон бусад нарийн мэргэжлийн үзлэгт хамрагддаггүй. Угтаа иргэн бүр жилд нэг удаа үнэ төлбөргүй эрүүл мэндийн үзлэгт хамрагдах боломжтой байдаг. Мөн нөгөө талд эмнэлэгт цаг авсан ч тухайн товлолт өдөртөө очихгүй байх тохиолдлоос болж эмч болон үзлэгт хамрагдах гэж байгаа хүмүүс шаардлагатай тусламж үйлчилгээг үзүүлж, авч чадахгүй байх нь их. Тиймээс улсын эмнэлэгт цаг аваад тухайн товлолт хугацаандаа очоогүй иргэдэд торгууль ногдуулахаар болжээ.
Тодруулбал, эмнэлэгүүдэд зохиомол ачаалал үүсгэхгүйн тулд эхний удаа авсан цагтаа очоогүй иргэд дахин үзлэгийн цаг авах бол 20 мянган төгрөгийн торгууль төлөхөөр болсон байна.
Тус торгууль нь эмнэлгийн орлого болж үлдэх зохицуулалттай журам батлагдсан байна. Журмыг Эрүүл мэндийн даатгал /ЭМД/-ын ерөнхий газраас гаргасан бөгөөд торгуулийн мэдээллийг эмнэлэг заавал мэдээлэх ёстой аж. Гэхдээ торгуулийн дүн хасагдсан ч ЭМД-ын сангаас иргэнд олгох тусламж үйлчилгээний зардал суутгагдахгүй, бүрэн дүнгээр олгогдоно гэдгийг ЭМДЕГ-аас мэдээллээ.