“Эрдэнэс Алт Ресурс” ХХК 15.2 мян.тн алт, мөнгөний баяжмал борлуулж, борлуулалтын орлогоо 2.6 дахин нэмэгдүүллээ
“Эрдэнэс Монгол” нэгдлийн бүрэлдэхүүн болох “Эрдэнэс Алт Ресурс” ХХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2024 оны 4-р сарын 25-нд болж, 2023 оны үйл ажиллагааны болон аудитлагдсан санхүүгийн тайланг хэлэлцэж баталлаа.
Хурлыг “Эрдэнэс Монгол” нэгдлийн Хууль, эрх зүйн газрын ахлах менежер Б.Гэрлээ даргалж, Санхүүгийн нэгдсэн удирдлагын газрын ахлах менежер Б.Батбаяр, Захиргаа удирдлагын газрын ахлах менежер Б.Пүрэвсүрэн нар оролцлоо.
“Эрдэнэс Алт Ресурс” ХХК нь 2023 онд баяжуулах 2 дугаар үйлдвэрийг ашиглалтад оруулснаар баяжмалын хэмжээ эрс нэмэгдэж, 599 мян.тонн хүдэр олборлож, 15.2 мян.тн алт, мөнгөний баяжмал борлуулсан байна. Борлуулалтын орлого 2023 оны гүйцэтгэлээр 307,4 тэрбум төгрөгийн орлоготой ажилласан бөгөөд энэ нь 2022 онтой харьцуулахад 2.6 дахин нэмэгдсэн үзүүлэлт юм. Үүнээс гадна 133.9 тэрбумын цэвэр ашигтай ажиллаж, төлөвлөгөөгөө 19.1 тэрбум төгрөг буюу 17 хувиар давуулан биелүүлж улсын төсөвт 58.5 тэрбум төгрөгийг төвлөрүүлжээ.