Э.Цэндсүрэн нь МУК-ийг хүндэт профессор П.Мөнгөнцэцэг багшийн удирдлага дор бакалаврын боловсол эзэмшиж энэ онд буюу 2020 онд БНХАУлсын Шанхай хотын консерваторийг төгсөж ирээд байгаа эрч хүч, ир нь тэгширсэн хуучирчин юм. Суралцаж байх хугацаандаа гадаад дотоодын хөгжмийн уралдаанд тогтмол оролцож[1] сургуулийнхаа болон монголынхоо нэр хүндийг өндөрт дуудуулж явсан нь хөгжмийн зохиолчийн нүдэнд өртсөн хэрэг.
Аливаа хөгжимчинд зориулсан уран бүтээлүүд нь тухайн хүний хөгжимдөх ур чадварт тулгуурласан байдаг учир виртуозны зохиол болох нь элбэг байдаг. Чухам үүний учир миний бие энэ зохиолыг судлах хүсэл төрсөн юм.
Э.Цэндсүрэн “-...Тус бүтээл нь хурд хүч, самбаа ихээхэн шаардахын зэрэгцээ флажолет, баруун гарын пиццикато, терц, кварт, квинтын давхар өнгөнүүд гэх мэт хуучраар хөгжимдөх техник бололцоог өсгөж, дотоод сэтгэлийн дуулал, динамикийн олон янзын илэрхийлэмжийг харуулсан бүтээл болсон. Хөгжмийн зохиолч хөгжимчинтэй-гээ нягт холбоотой ажиллаж урт хугацаанд бүтсэн нь уг зохиолын чанарт бас нөлөөлсөн ...” гэж тухайн зохиолын бичигдсэн явц, хөгжимдөх ур чадварын талаар бичиж тэмдэглэсэн байна. Суут хөгжмийн зохиолчдын олонд танигдсан дан хөгжмийн алдартай зохиолууд нь хөгжимчинтэйгээ нягт холбоотой ажилласан тухай олонтой дурдагдсан байдаг. Х.Алтангэрэл энэ л жимээр явж, хуучрын дуугарах боломжийг судалж, зохиомжийн арга техниктэй хослуулан уг концертоо бүтээжээ.
Монголын хөгжмийн зохиолчдын концертууд нь цуврал /цикл/ хэлбэрт бичигдсэн нэн ховор. Х.Алтангэрэлийн энэ хуучрын концерт нь 3 ангит цуврал хэлбэрт бичигдсэн бөгөөд анги болгон нь каденцтай байгаа нь хөгжимчний ур чадварыг нь шавхсан бас нэг үзүүлэлт гэж ойлгогдож байна.
Нэгдүгээр анги нь “rubato /CADENZA/” каденцаар эхэлсэн нь[2] хөгжимчний ур чадварыг эхэнд нь шууд танилцуулах гэсэн авторын бас нэг өвөрмөц шийдэл байлаа. Уг каденц нь 1-р ангийн бүхий л агуулгыг багтаахын зэрэгцээ хуучир хөгжмийн хөгжимдөх ур чадварыг урд нь зохиогдсон концертуудаас ахиулахыг зорьсон нь ажиглагдаж байна. Энд Э.Цэндсүрэнгийн дурдсанаар хуучирт тохиолдож болох бүхий л техникүүдийг ашиглахыг зорьсон бөгөөд өмнө нь зохиогдож байсан уран бүтээлүүдэд байгаагүй шинэ тоглох арга барил болох давхар эгшгүүдийг анх ашигласан явдал юм. Давхар эгшгүүдийг сонгодог хөгжмийн зэмсгүүд болох хийл, эрдүү хийл, морин хийл ... гэх мэт утсан хөгжмүүдэд түлхүү хэрэглэдэг. Энэ удаад хуучир хөгжим нь давхар эгшгийг эгшиглүүлэх боломжтойг хөгжимчин, хөгжмийн зохиолч хоёр маань харуулж чаджээ.
1-р анги нь каденцад гол байр сууриа илэрхийлж байсан сэдэв аяуудыг зохиомжийн техникийн олон хувилбаруудыг ашиглан олон утгад хувирган давтаж байна.
Тодруулбал зохиомжийн “МОНОТЕМАТИЗМ”[3]-ийн аргачлалаар зохиогджээ. Энэ аргачлал нь романтизмийн эхэн үед зарим хөгжмийн зохиолчдын уран бүтээлд тусгалаа олж байсан бол Ф.Лист боловсронгуй болгож тодорхой зүй тогтолтой шинэ зохиомжийн аргачлалыг бий болгосон юм.
Х.Алтангэрэл нь энд 3 төрөл сэдэв ая сонгосон ч тэдгээрийн ая-аялгаас ашиглан, хэм, хэмнэл, гармони, контрапункт, тембрийн олон хувилбаруудаар хөгжүүлсэн нь хөгжимчинд сэтгэлгээний олон төрхүүдийг илэрхийлэх боломжийг олгож чаджээ. Энэ бүгдийг тодруулахад шаардагдах хөгжимдөх урлагийн төрөл бүрийн штрихүүд, хэмнэлийн бичил хөдөлгөөнүүд нь хөгжимчнөөс өндөр ур чадвар шаардсан уран бүтээл болсон байна. Энэ удаад монотематизмийн аргачлалаар зохиосон нь нүдээ олсон сонголт болжээ.
Концертын 2-р анги Adagio нь 1-р ангитай харьцуулахад хурд /темп/, хөг /лад/, хэм, хэмнэлийн хувьд маш ялгарамжтай. Энэ анги нь эхний дуугаралтаараа л монгол сэтгэлгээ, монгол ахуйг санагдуулна. Учир нь гармони болон ая-аялагын хувьд таван эгшигт хөгт суурилсан байгаатай холбоотой юм. Энэ нь их ба контр октавыг хосолсон ре суурь дээр 1 ба 2-р октавт ре-ля гэсэн хосолсон цэвэр квинтээр илэрнэ.
Аялгуу эхлэхдээ 4/4 хэмжээний сүүлийн сул хувь дээр үгүүлэмжээ хэлээд бүтэн 3 хувь нэг өнгөн дээр барьсан байгаа нь уртын дууны амьсгаа, тухайлбарыг /фраз/ төсөөлсөн мэт. Зарим тохиолдолд урт барьж байгаа эгшгүүдээ трель, форшлаг, мордент зэрэг чимэглэлүүдээр /мелизм/ баяжуулсан нь уртын дууны нугалаа, хугалаа, цохилгуудыг санагдуулна.
Аялгуу октав дээр дахин давтагдах бөгөөд энэ үед төгөлдөр хуурт контрапунктын зарчмаар хариу ая тоглогдож байгаа нь зохиомжийг баялаг болгож өгч чаджээ.
Үүний дараа каденци эхлэж байгаа нь онцгой тохиолдол гэж хэлж болно. Цуврал зохиолын 2-р ангид /удаан хэсэгт/ каденци бичигдсэн байх нь өрнийн сонгодог хөгжимд тохиолддоггүй. Дунд хэсэгт каденци орж болохыг бодитоор харуулсан жишээ болж өглөө. Энэ нь монгол сэтгэлгээ, уртын дуутай холбоотой мэдрэмж гэж ойлгож болох юм.
3-р анги Allegro нь гетерафон, полифони хэв-маягийг хослуулан хэрэглэсэн олон хоолойн өвөрмөц бичлэгтэйгээрэй онцлогтой байна. Энэ нь төгөлдөр хуурын эхлэл хөгжимнөөс л шууд сонсогдож байна. Баруун гарт наймт, 2 арванзургаат буюу морин төвөргөөг төсөөлсөн хэмнэлтэй[4] хоолой нь туслах, чимэглэх зорилготой дөрөвтүүдтэй зэрэгцэн дуугарч байгаа нь гетерафон 2 хоолойн бичлэг болох бөгөөд зүүн гарт сул хувь дээрээс эхэлсэн гурвалсан наймт нь хүчтэй хувь дээр дөрөвт эгшгээр дуусгаж байгаа нь бүхэлдээ олон хоолойн контрапунктын техникт тулгуурласан байна. Эдгээр хэмнэл мотив нь 3-р ангийн үндэс болох бөгөөд зохиомжийн олон хоолойн хөгжүүлгийн имитац, секвенци гэх мэт олон аргуудыг хэрэглэн зохиомжийг баяжингуй болгож өгч чадсан байна.
Хөгжмийн сэтгэлгээний хувьд энэ 3 ангит концерт нь өнөөгийн нийгмийн байдлыг харуулахыг зорьсон мэт. 1-р ангийн сэдэв ая болон зохиомж нь “яагаад?” гэсэн асуулт тавиад байсан бол 2-р анги нь “амгалан тайван” байхын учир шалтгаан, түүнийг эрэлхийлсэн шинжийг агуулжээ. Харин 3-р анги нь хурдацтай урагшлах нийгмийн харьцааг харуулахын зэрэгцээ гүн ухааны шинжтэй, бодлогоширсон, хааяа түгшүүр шингээсэн, мөн л яагаад? гэсэн асуултаар дуусч байгаа мэт.
Энэ концерт нь хөгжимдөх өндөр ур чадвар шаардахаас гадна хөгжмийн агуулгыг сонсогчдод хүргэх сэтгэлгээний нарийн мэдрэмж хөгжимчнөөс нэхсэн концерт болжээ гэж дүгнэж байна.
Ард түмэнд хоногшсон уран бүтээл болохыг нь цаг хугацаа харуулах биз ээ.
Улаанбаатар
2009 он МУГЖ, дэд профессор С.Цэвэлмаагийн нэрэмжит “Өсвөрийн хуучирчдын анхдугаар уралдаан” -Тэргүүн байр
2012 он МУАЖ, ТШ Л.Мөрдоржийн нэрэмжит “Үндэсний хөгжимдийн улсын анхдугаар уралдаан” - Дэд байр
2012 он ТШ,УГЗ Б.Шаравын нэрэмжит ““Мэргэжлийн дуучид, үндэсний хөгжимчдийн олон улсын анхдугаар уралдаан” - III байр
2014 он ОХУ-ын Красноярск хотноо зохиогдсон “Надежда-2014” Олон улсын X уралдаан - Тэргүүн байр
2015 он БНХАУ-аас Монгол улсад суугаа Элчин сайдын яамнаас зохион байгуулсан “Хятад зохиолыг хэн сайн хөгжимдөх вэ?” уралдаан - Тэргүүн байр
2016 он ТШ,УГЗ Б.Шаравын нэрэмжит “Мэргэжлийн дуучид, үндэсний хөгжимчдийн олон улсын II уралдаан” - III байр
2019 –БНХАУ-н Бээжин хотноо зохион байгуулагдсан “Гуо Еин Бэй” өсвөр, залуучуудын олон улсын хөгжимчдын уралдаан “Тэргүүн байр”