УИХ-ын чуулганы баасан гарагийн хуралдаанаар Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүд соёлын өвийн дээрэм, хулгайн асуудлыг хөндөв.
Соёлын сайд С.Чулуун, Хамгийн их хулгай, дээрэмд өртсөн салбар бол соёл урлагийн салбар. Зарим хүмүүс түүх соёлын дурсгалыг олоод амралтын газар, байшиндаа тавьчихсан байдаг, зарим нь сумын төвийнхөө довжоо болгочихсон байх жишээний. Энэ бол төрийн өмч. Энэ асуудлыг цэгцлэх тухай заалт нь Соёлын өвийн тухай хуульд бий.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх соёлын өвийн хулгайн асуудлыг онцгой анхаарахыг чиглэлийн байгууллагуудад үүрэг болгосон. Экологийн Цагдаагийн албаны дэргэд соёлын хулгайтай тэмцэх нэгж байгуулахаар ажиллаж байгаа. Дээр нь хөдөө орон нутгийнханд соёлын өвийн ач холбогдлыг ойлгуулах хэрэгтэй.
Увс аймгийн Зүүнговь сумын малчин Тооёо гэдэг хүний мэдээллийн дагуу очиход 13 дугаар зууны үеийн цэргийн бүрэн хэрэгслийг олсон. Ийм сайхан сэтгэлтэй хүмүүсийг урамшуулах хэрэгтэй.
Маш их хэмжээний хулгай явагдаж байгаа. Хөвсгөл аймгийн Улаан-Уул суманд бүлэг хулгайч нар Юань улсын үеийн язгууртны 100 гаруй булшийг нэг өвлийн дотор тоносон. Соёлын яамнаас санхүүжилт гаргаж археологичид ажиллаад ирсэн. Тэдний хаяад явсан юмнууд нь ямар гайхамшигтай зүйлс болохыг 16-ны үзэсгэлэнгээр дэлгэнэ.