Тус иргэний нэгдүгээр хавьтагчид буюу хамт амьдардаг бэр болон ач хүүхдийнх нь шинжилгээний хариу мөн эерэг гарчээ. Бэр нь 35 настай бөгөөд 11-р сарын 8-ны өдөр Сэлэнгийн Сүхбаатар сумаас Дархан-Уул аймаг руу 8 настай хүүхдийнхээ хамтаар хоёр өдөр амны хаалтгүй зорчсон, хүний хөл хөдөлгөөн ихтэй таван худалдааны төвийн гол төлөв барааны тасгаар үйлчлүүлж нэг газраа 20-30 минут байсан, хүүхдээ тоглоомын газар тоглуулсан зэрэг өгүүлэмжтэй байгаа аж. Мөн тус тоглоомын төвөөр үйлчлүүлсэн 67 хүүхэд байгаа ба эцэг эхчүүдтэй нь холбогдон, тандалт судалгааг эхлүүлжээ.
Түүнээс гадна энэхүү хоёр тохиолдын ойрын 24 хавьтлын шинжилгээний хариу сөрөг гарсан ч цаашид дам хавьтагчдыг илрүүлж тогтоохоор албаныхан ажиллаж байгаа аж.
"Иргэн "амны хаалттай явсан" хэмээж байгаа ч амны хаалтгүй явж байсан нь хяналтын камерт бичигджээ" гэж Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал хэллээ. Одоогоор гэрт нь тусгаарласан байгаа ба ХӨСҮТ рүү удахгүй шилжүүлнэ гэлээ.
Халдвартай иргэн тус аймагт зорчсон учир Дархан-Уул аймагт хөл хорионы хатуу дэглэм тогтоон, аймаг руу орох, гарах хөдөлгөөнийг түр хаагаад байгаа юм. Аймгийн Засаг дарга Б.Азжаргал "Аймгийн хэмжээнд хөл хөдөлгөөн 80 хувь буурсан, цаашдаа 95 хувь болгон бууруулж, дэглэмийг улам чангатгана" хэмээсэн.