Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд нийтийн тээврийн үйлчилгээнд гарч буй автобуснуудад ариутгал, халдваргүйжүүлэлтийг тогтмол хийж буй. Өнөөдөр нийтийн тээврийн үйлчилгээнд 20 аж ахуйн нэгжийн 827 тээврийн хэрэгсэл гарсан бөгөөд автобуснуудыг рейс бүрт 19 эцсийн зогсоол, 10 дундын зогсоолуудад ариутгал, халдваргүйжүүлэлтийг мэргэжлийн байгууллагаар хийлгүүлсэн байна.
Улс даяар бэлэн байдлын зэрэг шилжиж, хөл хорио тогтоосонтой холбогдуулан нийтийн тээврийн автобуснууд цагийн тусгай горимоор явж буй. Өнөөдөр өглөөний 06:00-10:00 цагийн байдлаар 90 чиглэлд 827 тээврийн хэрэгслээр нийт 24293 хүн зорчжээ. Нийтийн тээврээр зорчиж буй иргэдийн зорчигч урсгалын судалгааг тээврийн хэрэгслүүдэд байрлуулсан хяналтын камерыг ашиглан хянаж байгаа аж. Зорчигчдын аюулгүй байдлыг хангахын тулд хүн хоорондын зайг 1.5 метр байхаар санамж нааж зорчигчдод мэдээллэх ажлыг Авто тээврийн хяналтын улсын байцаагч болон Зорчигч тээврийн нэгдэл, Зорчигч тээвэр-3, Сити баз консултинг ХХК хамтран хийж байна.
Нийтийн тээврийн газраас автобусны жолооч нарт халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиулж, зорчигч болон жолоочийг тусгаарлах хаалт хэрэгслээр бүрэн хангаж ажиллахыг аж ахуй нэгжүүдэд үүрэг болгосон. Энэ ажлын хэрэгжилтэд мөн Авто тээврийн хяналтын улсын байцаагч нарыг хяналт тавьж ажиллах юм.