Улс орон даяар бэлэн байдлын зэрэгт шилжиж, хөл хорио тогтоосонтой холбоотойгоор нийслэлд махны нийлүүлэлтийг тогтворжуулахаар хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр мэдээлэл хийлээ.
Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр “Өчигдрийн байдлаар /2020.11.20/ есөн дүүргийн хэмжээнд зах, хүнсний дэлгүүр, нөөцийн мах борлуулах цэгүүд дээр 101 тонн нөөцийн махыг худалдан, борлуулсан байна. Одоогийн байдлаар нийслэлийн хэмжээнд хүнсний нөөц хэвийн, хангалттай байгаа. Нөөцийн махны үнийг тогтвортой байлгах, худалдааг өргөтгөх чиглэлээр нийслэлийн зургаан дүүрэгт явуулын 43 цэгт борлуулалтыг явуулж байна. Өчигдөр /2020.11.20/ 23:00 цагт улсын онцгой комисс хуралдаж тодорхой шийдвэрүүдийг гаргасан. Хурлын дараа нийслэлийн онцгой комисс хуралдаж, өнөөдөр өглөөний 07:00-17:00 цаг хүртэл хүнсний чиглэлийн 770 үйлдвэрлэл, импортын бараа бүтээгдэхүүн түгээдэг 4000 гаруй тээврийн хэрэгслийг зорчих хөдөлгөөнд хязгаарлалтгүй явуулахаар боллоо. Цаашид хүнс, эм хангамж, худалдаа үйлчилгээ, цахилгаан хот нийтийн аж ахуйтай холбоотой үйлчилгээнд зорчдог бүх тээврийн хэрэгслийг “QR” системд холбох ажлыг зохион байгуулж байна. Ингэснээр хөдөлгөөнд оролцох машинууд тодорхой цагийн хуваарьтай хөдөлгөөнд оролцох боломжийг бүрдүүлэх юм” гэв.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС