Засгийн газрын 223 дугаар тогтоолын дагуу “Замын-Үүд” чөлөөт бүсийг байнгын ажиллагаанд шилжүүллээ. 2004 онд Замын-Үүдэд эдийн засгийн чөлөөт бүс байгуулах шийдвэр гарснаас хойш 17 жилийн дараа ийн байнгын ажиллагаатай болж байна. Чөлөөт бүсийн нээлтэд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, тус бүсийн захирагч А.Энхзул болон холбогдох албаныхан оролцсон юм.
“Замын-Үүд” чөлөөт бүсийн үйл ажиллагааг байнгын болгосноор бүсийн гүний гарцаар зорчигч, ачаа тээврийн хэрэгсэл нэвтэрч эхэлнэ. Цаашид үйлдвэрлэл, тээвэр логистик, аялал жуулчлал, бизнесийн чиглэлүүд түлхүү хөгжих юм. 2022-2036 онд ДНБ-д 10 хувийн өсөлт бий болж, 2025 он гэхэд ажлын байр 9400, 2030 онд 15000, 2034 он гэхэд 18000-аар нэмэгдэнэ гэж тооцоолжээ. Түүнчлэн экспортын бүтээгдэхүүн гурав дахин нэмэгдэх ач холбогдолтойг албаныхан хэлж байлаа. Чөлөөт бүсэд эхний ээлжинд дэд бүтцийн бүтээн байгуулалтууд болох цахилгаан, дулаан болон усан хангамж, ариутгах татуурга, авто зам, холбоо дохиоллын ажлуудыг барьж байгуулжээ.
Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу 58,8 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр 48 га талбайд дээрх ажлуудыг гүйцэтгээд байгаа юм. Тус бүсийн Захирагчийн ажлын албанаас энэ онд уг дэд бүтцийн станцуудын хүчин чадлыг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулагч иргэн, аж ахуйн нэгжүүдэд таатай орчин бүрдүүлэх, боомтын нэвтрэх системийг байгуулах зэрэг ажлыг үе шаттай хийхээр Азийн хөгжлийн банктай хамтран төсөл хэрэгжүүлж байна. Түүнчлэн 2015 онд баригдсанаас хойш зургаан жил болж байгаа “Замын-Үүд дулааны станц”-ын үйл ажиллагааг яаралтай эхлүүлэхээр туршилт, тохируулгад шаардлагатай санхүүжилтийг Засгийн газраас шийдвэрлэсэн. Мөн одоогийн ачаа тээврийг зургаа дахин, зорчигч тээврийг гурав дахин нэмэгдүүлэх хүчин чадалтай Замын-Үүд боомтын өргөтгөлийн барилгыг хугацаанд нь ашиглалтад оруулахаар ажиллаж байна.
“Чөлөөт бүс бол Монгол Улсын хөгжлийг шинэ шатанд гаргах, эдийн засгийн өсөлтийг тэтгэх нэгэн чухал эх ундарга, гадаад, дотоод худалдааны эргэлтийг сайжруулах гол үүд хаалга. Ялангуяа, цар тахлын үед Засгийн газраас эдийн засгаа дэмжих томоохон төсөл хөтөлбөрүүдийг эрчимжүүлэхэд анхаарч, гадаад худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхээр “Замын-Үүд” чөлөөт бүсийн үйл ажиллагааг эхлүүлж байгааг Монгол Улсын Шадар сайд онцолж байлаа.
“Замын-Үүд” чөлөөт бүс 900 га нутаг дэвсгэртэйгээс өдгөө 300 га-д нь төлөвлөлт хийжээ. Чөлөөт бүсийн шинэ мастер төлөвлөгөөний дагуу 68 хөрөнгө оруулагчид 101.4 га талбайг сонгон шалгаруулалтаар эзэмшүүлээд байгаагийн 7 га нь аялал жуулчлал, 47.45 га нь үйлдвэрлэлд, 20.05 га-д худалдаа, үйлчилгээ, 25 га-д агуулах, ложистик, 1.4 га нь шатахуун түгээх станцын зориулалттай юм байна.