Төрийн ордонд эмийн үнийн өсөлтийн нөхцөл байдлыг нотлох, баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол өнөөдөр /2024.04.16/ хоёр дахь өдрөө үргэлжилнэ.
Сонсголын эхний өдрийн "Эмийн хүртээмж" сэдвийн хүрээнд эмийн хүртээмж, үнэ, чанарын талаар иргэдээс ирүүлсэн баримт мэдээллийг сонсох, мөн салбарын ерөнхий мэдээлэл, хүний нөөцийн гажуудлын талаарх баримтууд, зайлшгүй шаардлагатай болон үнийн хөнгөлөлт зохицуулалт, эдгээр зохицуулалтад албан тушаалтан нөлөөлсөн байдал, эм хангамжийн асуудал эрхэлсэн төрийн байгууллагуудын хамаарал зэрэг сэдвээр гэрчүүдийн мэдээллийг сонссон юм.
Нээлттэй сонсгол эмийн хүртээмж, эмийн үнэ ба шалтгаан нөхцөл, эмийн бүртгэл болон чанарын хяналт гэсэн гурван сэдвийн хүрээнд энэ сарын 17-ныг дуустал үргэлжлэх бөгөөд гурван өдөр нийт 127 гэрчийг дуудаж сонсох юм.