Есдүгээр сарын 01-нээс эхлэн өвс тэжээлийн экспортыг хориглох Засгийн газрын шийдвэр гарсан учраас дотооддоо өвс тэжээлийн нөөц бүрдүүлэх бүрэн боломжтой хэмээн үзэж буй бөгөөд аймаг орон нутгийн удирдлагууд онцгой анхаарал хандуулан ажиллахыг тэрээр сануулсан юм.
Малын элдэв халдварт өвчин отор нүүдлээр дамжин бүс нутагт тархаж болзошгүй байгаа тул отроор явуулахыг тодорхой хэмжээнд хязгаарлах болсон тухай шийдвэр гарсныг ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан мэдэгдлээ. Мөн малын халдварт өвчин тархах магадлалтай аймаг, сумдад хорио цээр тогтоож, халдварыг хумих ажлыг эрчимжүүлж буй бөгөөд энэ хүрээнд иргэдийн шилжилт хөдөлгөөнийг түр хоригложээ.
Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах, малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэхээр аймаг нийслэлийн Засаг дарга, Хүнс, хөдөө аж ахуйн газар болон Мал эмнэлгийн газрын дарга нарт хандсан Монгол Улсын Шадар сайд, ХХААХҮ-ын сайд нарын хамтарсан албан даалгавар гарчээ. Энэ хүрээнд аймаг сумын түвшинд бүрдүүлбэл зохих өвс, тэжээлийн нөөцийг 10 дугаар сарын 20-ны өдрийн дотор бэлтгэх, малын гоц халдвар гарсан бүсээс мал сүргийг вакцин, туулгалтад бүрэн хамруулсан тохиолдолд отроор явуулах, ургац хураалтад ажиллах иргэдийн эрүүл мэндэд хяналт тавих зорилгоор Явуулын эмнэлзүйн баг ажиллуулахаар шийдвэрлэжээ.
Эх сурвалж: Шадар сайдын хэвлэлийн алба