Дэлхий даяар чипний хомсдол үүссэн нь автомашины үйлдвэрлэл, борлуулалтад нөлөөлж байгаа бөгөөд үүнтэй холбогдуулан есдүгээр сард “Hyundai Motor” компанийн борлуулалт өмнөх оны мөн үеийнхээс 22 хувиар буурсан гэж тус компани өнөөдөр мэдэгджээ.
Дэлхийн автомашины худалдааны салбарт чансаагаараа тавд ордог автомашин үйлдвэрлэгч “Hyundai Motor” компани өмнөх оны мөн үед 361711 ширхэг автомашин борлуулсан бол энэ оны есдүгээр сард 281196 автомашин борлуулсан талаар компанийн мэдэгдэлд дурджээ.
Мөн хугацаанд хагас дамжуулагч эд анги дутмаг байгаагаас шалтгаалан үйлдвэрлэлийн үйл ажиллагаа тасалдсаны зэрэгцээ БНСУ-ын намрын ургац хураалтын баяр борлуулалтад нөлөөлсөн хэмээн үзжээ.
Тус компанийн дотоодын борлуулалт өмнөх оны есдүгээр сард 67080 байсан бол энэ оны мөн үед 43857 болж, 35 хувиар буурсан үзүүлэлттэй гарчээ. Түүнчлэн гадаад борлуулалт өмнөх оны есдүгээр сард 294631 байсан бол энэ оны мөн үед 19 хувиар буурч, 237339 болжээ.
“Hyundai motor” компанийн нийт борлуулалт өмнөх оны мөн үед 2.60 сая ширхэг байсан бол энэ оны 1-9 дүгээр сарын хооронд 12 хувиар өсөж, 2.93 сая болжээ.
Дотоодын борлуулалт өмнөх оны мөн үед 583664 байсан бол энэ оны эхний гурван улирлын байдлаар 540842 буюу 7,3 хувиар буурсан үзүүлэлттэй гарчээ. Харин гадаад борлуулалт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 18 хувиар өсөж, 2,39 сая ширхэг болжээ.
“Hyundai motor” компани энэ онд 4.16 сая автомашин борлуулахаар төлөвлөж байгаа бөгөөд энэ нь өнгөрсөн онд борлуулсан /3.74 сая/ автомашинаас 11 хувиар өндөр үзүүлэлт юм.