Өнөөдөр аргын тооллын дөрөвдүгээр сарын 4, хаврын дунд хөхөгчин туулай сарын шинийн 25. Өнөөдөр 15:05 цагт ханш нээх улирал эхэлнэ гэж МБШТ Гандантэгчэнлин хийдээс гаргасан Төгс буянт монгол зурхайн цаг тооны бичигт тэмдэглэжээ.
Энэ өдөр амьд байгалийн алив амьдрал сэрж сэргэн хорхой шавж хөдөлж, ичигсдийн түрүү гарна. Бургас мод гөлөглөж, булгийн ус оргилж, голын мөс ханзарч халиа гүйн захалдаг.
Ханш нээх гэдэг нь хаврын их улирлын доторх зургаан бага улирлын тав дахь нь ажээ. Энэ бага улирал билгийн тоолол буюу сарны зурхайн ёсны хаврын дунд үед тохиодог. Харин аргын буюу нарны зурхайн ёсны дөрөвдүгээр сарын эхний өдрүүдэд тохиодог билээ. Ханш гэдэг нь ээлтэй сайн гэсэн утгатай ажээ. Энэ өдрийн цаг агаар, байдлыг шинжиж зун, намрын өнгийг тодорхойлдог.
Зул өргөх нь цаглашгүй их тустай хэмээн бурхны сударт өгүүлжээ. Зул нь гэрэл гэгээ , гал , хүч, дулаан гэсэн утгыг илэрхийлэх бөгөөд буддын шашны тахилын зан үйлд чухал байр суурь эзэлдэг. Зулыг билиг ухааны бэлгэ тэмдэг болгон тахилд өргөдөг, мунхаг муу сэтгэлийг арилган таслах гэрэл гэгээ хэмээн бэлэгдэн өргөдөг номтой.