Хичээлээс гадуурх сургалтын ажлын үлгэрчилсэн хөтөлбөр"-ийн төслийн дөрөв дэх хэлэлцүүлэг өчигдөр цахимаар боллоо.
Бага, дунд боловсролын тухай хуулийн 18.2 дахь заалт “Хичээлээс гадуурх сургалтын ажлын үлгэрчилсэн хөтөлбөрийг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага холбогдох мэргэжлийн байгууллагатай хамтран тогтооно”-ын хүрээнд Ерөнхий боловсролын сургуулийн хичээлээс гадуурх сургалтын ажлын үлгэрчилсэн хөтөлбөрийг боловсруулаад байна.
Төслийг боловсруулах явцад асуулгын, фокус группийн ярилцлагын аргаар ерөнхий боловсролын сургуулийн бага, суурь, бүрэн дунд боловсролын түвшинд суралцаж буй сурагчдын төлөөлөл болон хичээлээс гадуурх үйл ажиллагааг удирдан зохион байгуулж буй багш нар, нийгмийн ажилтан, сургуулийн удирдах ажилтнуудаас судалгаа авжээ. Түүнчлэн хичээлээс гадуурх сургалтын ажлын төлөвлөгөөнд баримт бичгийн шинжилгээг хийж, судалгаа, шинжилгээний үр дүнд үндэслэл болгосон.
Мөн ерөнхий боловсролын сургуулийн удирдах ажилтан, нийгмийн ажилтан, багш нар, төр, төрийн бус, олон улсын байгууллагын төлөөллийг оролцуулан 3 удаагийн хэлэлцүүлгийг хийж санал дүгнэлтийг тусгалаа. Энэ удаагийн хэлэлцүүлэг нь засан сайжруулалт хийх сүүлийн хэлэлцүүлэг байв.
Сурагч өөртөө итгэлтэй, бие бялдар, оюун сэтгэхүй, ёс суртахууны төлөвшилтэй, нийгмийн олон талт харилцаанд зохицон, бусдыг манлайлж, хамт олны хөгжилд өөрийн хувь нэмрийг оруулах, шийдвэр гаргах чадвартай, бүтээлч, санаачилгатай, эх оронч үзэлтэй хувь хүн болон хөгжихөд дэмжлэг үзүүлэх зорилготойгоор энэхүү хөтөлбөр хэрэгжинэ.
Хичээлээс гадуурх үйл ажиллагааны хөтөлбөрийг
- Гэр бүлийн хүрээнд олгох хүмүүжил, төлөвшлийг дэмжих,
- Эрүүл, аюулгүй амьдрах арга ухаанд сургах,
- Болзошгүй эрсдэл, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ур чадвар эзэмшүүлэх,
- Бие бялдар, авьяас чадварыг хөгжүүлэх,
- Мэдээллийн технологийн зохистой хэрэглээг дэмжих,
- Нийгэм, олон нийтийн хамтын ажиллагааг дэмжих,
- Эх оронч болон хөдөлмөрийн хүмүүжлийг дэмжих,
- Байгаль, экологийн хүмүүжлийг төлөвшүүлэх зэрэг найман чиглэлд хэрэгжүүлэх бөгөөд 2020-2021 оны хичээлийн жилийн ирэх улирлаас эхлүүлэхээр төлөвлөсөн байна.