Манай улсын хувьд бөөр, шээсний замын чулууг дурангаар эмчилдэг байсан бол нэг том шат ахин лазераар эмчилдэг болж байгаа юм. Энэхүү боломжийг УНТЭ-ийн Урологи, андрологийн тасагт Хүрээ Ротари клубын санаачилгаар бүрдүүлж, “Олон Улсын Ротарийн Глобал Грант” төслийн санхүүжилтээр 227.800 ам.долларын үнэ бүхий лазер аппарат, тоног төхөөрөмжийг өнөөдөр албан ёсоор хүлээлгэн өглөө. Энэхүү үйл ажиллагаанд Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, УНТЭ-ийн Ерөнхий захирал Н.Лхажий, УНТЭ-ийн Урологи, Андрологийн тасгийн дарга, Бөөр шилжүүлэн суулгах үндэсний багийн ахлагч Д.Баян-Өндөр, Ротари клубын өмнөх жилийн ерөнхийлөгч Д.Туул болон бусад холбогдох албаныхан оролцлоо.
УНТЭ-ийн Урологи, Андрологийн тасаг нь Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй гол нэгж юм. Тус тасгаар жилдээ 3000 гаруй иргэн хэвтэн эмчлүүлж, жилдээ 800 орчим бөөр, шээсний замын чулуу авах мэс заслыг хийдэг байна.
Монголд анх удаа энэ төрлийн лазер эмчилгээг нэвтрүүлэх үйл ажиллагаанд Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан хэлэхдээ “УНТЭ-ийн Урологи, андрологийн тасаг нь улсын хэмжээнд энэ төрлийн тусламж, үйлчилгээг үзүүлдэг ачаалал ихтэй тасаг. Энэхүү лазер эмчилгээг нэвтрүүлэх гэж УНТЭ-ийн хамт олон 2019 оноос хөөцөлдөж ирсэн. Ийнхүү Хүрээ Ротари клубын санаачилгаар ард иргэддээ нэн шаардлагатай тусламж, үйлчилгээг үзүүлэх боломжийг УНТЭ-т олгож байгаад талархаснаа илэрхийлье. Монгол Улсын Засгийн газар, ЭМЯ-аас ард иргэддээ хүргэх тусламж, үйлчилгээг сайжруулах, тэр дундаа Монголдоо хийгддэггүй оношилгоо, эмчилгээг нэвтрүүлэх, нутагшуулах зорилтыг тавьж ажиллаж байгаа. Энэ хүрээнд бид салбартаа олон шинэ технологи, эмчилгээ, үйлчилгээ, мэс заслыг хийдэг болоод байна. Цаашид уг лазер эмчилгээг бусад төрөлжсөн төв эмнэлгүүд, орон нутагт хийдэг болгохыг зорьж байна” гэлээ.
Арга хэмжээний үеэр УНТЭ захирал Н.Лхажий “Бидэнд хандивлаж буй энэ лазер аппарат, тоног төхөөрөмжтэй болсноор бидний хүн арддаа үзүүлэх тусламж, үйлчилгээ сайжирч, гадаад руу явж эмчлүүлэх боломжгүй хүмүүст боломжийг бий болгож байгаа юм. Хөнөөл багатай мэс заслыг хөгжүүлснээр иргэдийн амьдралын чанарыг нэмэгдүүлэх, тусламж үйлчилгээний эрсдэлийг бууруулах, цаашлаад зардлыг бууруулж иргэн болон эрүүл мэндийн байгууллагын эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх зэрэг олон талын үр өгөөжтэй билээ. Энэхүү төслийг дэмжиж ажилласан Эрүүл мэндийн сайд болон санаачилсан Ротари Клубын хамт олонд талархаснаа илэрхийлье” гэв.
Энэхүү лазер эмчилгээг анхлан ажил болгохоор хөөцөлдөж, бодит алхам болоход бүх талын үүрэг оролцоотой ажилласан УНТЭ-ийн Урологи, андрологийн тасгийн дарга Д.Баян-Өндөр хэлсэн үгэндээ Лазерын технологиор бөөр, шээсний замын чулууны өвчлөлийг эрт үед нь оношилж, жижиг хэмжээтэй байхад нь мэс засал хийдэг. Харамсалтай нь өнөөг хүртэл бид ийм аппаратгүй байлаа. Энэ аппарат ирснээр өвчнийг эрт оношилж, хүндрэл гарахаас өмнө эмчлэх боломж нээгдэж байна. Мөн энэ аппарат байхгүй байхад жилдээ 20 орчим өвчтөнийг гадаад улс руу эмчилгээнд явуулдаг байсан бөгөөд иргэнээс ойролцоогоор 10 орчим сая төгрөгийн зардал гардаг байсан. Харин одоо бид гадаад урсгалыг зогсоож иргэд өөрийн улсдаа эмчилгээ үйлчилгээ авах боломж нээгдэж байна гэлээ. Тус төслийг санаачлагч Хүрээ Ротари клубын өмнөх жилийн ерөнхийлөгч Д.Туул лазер аппаратыг хүлээлгэн өгөх үеэрээ Ротари клуб эрүүл мэндийн салбарт олон төслийг амжилттай хэрэгжүүлсэн. Бид өнгөрсөн 10 жилийн хугацаанд гар утасны аппликейшн ашиглаад арьсны өвчнийг оношлох, ЭХЭМҮТ-ийн чих, хамар, хоолойн тасгийн мэс заслын лакер тоног төхөөрөмжийг оруулж ирэх зэрэг олон төслийг улсын хэмжээнд хэрэгжүүлж байна. Өнөөдөр УНТЭ-д хүлээлгэн өгч буй энэхүү лазер аппарат нь өндөр өртөгтэй ч бид иргэдийнхээ эрүүл мэндэд үзүүлэх ач холбогдлыг нь бодож уг төслийг хэрэгжүүлэхээр болсон юм. Бидэнтэй хамтран ажиллаж, дэмжсэн клубынхээ хамт олонд болон УНТЭ-ийн хамт олондоо талархаснаа илэрхийлье хэмээн онцоллоо.