Нийслэлд жилд дунджаар 26 мянга гаруй иргэн цусаа хандивладаг. Гэвч хөл хорионы улмаас цус цуглуулалт 50 хувиар буурсан гэж цус сэлбэлт судлалын үндэсний төв мэдээллээ. Тодруулбал, цус алдалт хавдрын эмчилгээ зэрэг олон тохиолдолд хэрэглэдэг ялтаст эсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд цаашид хүндрэл учирч болзошгүй байна. Мөн тус төв одоогоор сийвэнгийн бүтээгдэхүүний нэг жилийн нөөцтэй бол улаан эсийн 10 хоногийн нөөцтэй байна.
Цусны нөөц буурч байгаа нь цусан бүтээгдэхүүнийг тогтмол хангахад эрсдэл үүсээд байна. Иймд доноруудыг цусаа хандивлахыг уриаллаа. Хэрэв тус төвөөс урилга хүлээн авсан бол тухайн урилгаа үзүүлэн зорчиж цусаа бэлэглэх боломжтой юм байна.