“COVID-19”-ийн тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор иргэдийн хөдөлгөөнийг бүртгэж байгаа билээ. Энэ нь хувийн мэдээллийг нууцлаж чадаж байгаа эсэхэд иргэд эргэлзэх болсон.
Үүнтэй холбоотой Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар тайлбар гаргасан байна. Тухайлбал: "E-Barimt аппликейшнд нэвтэрч орохоос өмнө QR кодыг уншуулахаар программчилсан. Өөрөөр хэлбэл тухайн хүний регистр болон дансны дугаар, нууц код гэх мэтчилэн хувийн мэдээлэлтэй нь холболгүй, зөвхөн гар утасных нь ID, байршил тодорхойлсон QR кодыг бүртгэж байгаа. Тухайн иргэний хэн бэ гэдэг мэдээллийг авахгүй. Ямар нэг байршлаар зорчсон хүн халдвартай болох нь шинжилгээгээр батлагдсан бол түүгээр явсан иргэдийг тогтоож, шинжилгээ өгөөрэй гэдэг мэдэгдлийг тухайн гар утас буюу төхөөрөмжийн ID-д тулгуурлан E-Barimt аппликейшнээр хүргэж байна" гэж тайлбарласан юм. Мөн уншуулж буй, эсэхэд мэргэжлийн хяналтын байгууллага хяналт тавьж байгаа. Зөвхөн есөн дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийнхэн өнөөдрийн байдлаар 3889 ширхэг байршил тогтоох цэгийг шалгасан байна. Иргэд аль болох уншуулснаар халдварын тохиолдлыг хурдан илрүүлэх, хавьтлуудыг тусгаарлахад, цаг хэмнэх боломжтой хэмээлээ.