Өнөөдрөөс хот хоорондын зорчих хөдөлгөөнийг нээснээр ПСР шинжилгээ өгсөн иргэд орон нутаг руу зорчих боломжтой болж байгаа. Үүнтэй холбоотойгоор 18001200 тусгай дугаарт өнөөдөр нийт 426 дуудлага ирсэн байна. Эдгээрийн 46 хувийг шинжилгээ, 28 хувийг нь хот хооронд зорчихтой холбоотой дуудлага эзэлжээ. Тодруулбал, иргэд шинжилгээ өгөх газрын байршил, цагийн хуваарь, цаг хэрхэн захиалах талаарх лавлагаа мэдээлэл авсан байна. Түүнчлэн захиалсан цагтаа шинжилгээгээ авахгүй, дугаарлуулж хүлээлгэж байгаа, мөн захиалгын цаг зарим цэгт гуравдугаар сарын 8-наас хойш байгаа нь удаан хүлээлгэх нөхцөл байдал үүсгэж байгаа тухай санал, гомдол хэлжээ. Тэгвэл ПСР шинжилгээтэй холбоотойгоор иргэдийн түгээмэл асуудаг асуултад хариулж байна.
-ПСР-ын шинжилгээ 72 цагийн дотор хүчинтэй гэдэг шийдвэрийг яагаад гаргасан бэ?
-ДЭМБ-аас өгсөн зөвлөмжийн дагуу холбогдох байгууллагууд ПСР шинжилгээний хариу 72 цагийн дотор хүчинтэй байх чиглэл өгсөн.
-Хөдөө орон нутаг руу зорчиж байгаа иргэд замдаа явж байтал 72 цаг нь дуусвал яах вэ?
-Хөдөө орон нутаг руу зорчиж буй иргэд зорчихоосоо өмнө ПСР шинжилгээ өгөөд, хөдөлгөөнөө эхлүүлнэ. Хоол хүнсээ өөрсдөө авч яваа учир замдаа зогсохгүй, иргэдтэй харилцаа үүсгэхгүй тул очсон газраа 72 цаг өнгөрсөн ч хүчинтэй байна.
-Орон нутаг руу зорчиж байгаа гэр бүлийн гишүүд бүгд шижилгээ өгсөн байх шаардлагатай юу, эсвэл нэг гишүүн нь өгсөн байхад болох уу?
-Хамт яваа гэр бүлийн гишүүдийн аль нэг нь ПСР-ын шинжилгээ өгсөн тохиолдолд бусад гишүүнээс шинжилгээ шаардахгүй. Харин тухайн гэр бүлд хамааралгүй зорчигч хамт яваа бол тус тусдаа шинжилгээг өгөхийг шаардана.
-Галт тэргээр зорчиход ямар журам үйлчлэх вэ?
-Галт тэргээр явах зорчигч бусад тээврийн хэрэгслээр зорчигчийн нэг адил ПСР-ийн шинжилгээгээ өгч зорчино. УОК-оос шийд гарвал нээхэд бэлэн. Агаарын хөлөг болон нисэх буудлуудад мөрдөх түр журам гэж гарч таарна. Харин аймгууд Улаанбаатар хотоос очих зорчигчдод тавих шаардлага тодорхой байвал иргэдэд чирэгдэл багатай болно.