Засгийн газраас иргэн, аж ахуйн нэгжийн бизнесийг дэмжих, ажлын байрыг хадгалахаар 2 их наяд төгрөгийн зээл олгож эхэлсэн. Төв банк зээлийн ашиглалтад хяналтаа тавьж, зориулалт бусаар ашиглавал хөнгөлөлтгүй, арилжааны нөхцөлтэй зээл рүү шилжихийг Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн анхаарууллаа.
Тэрбээр, “Өнгөрсөн онд нийт дүнгээрээ зээл 6 хувиар багасан, 18 их наяд байснаа 17 их наяд болсон тул 2020 онд эдийн засаг 5,3 хувиар агшсан. Энэ онд хангалттай хэмжээний санхүүжилт олгох, зээл өсгөх шаардлагатай байгаа. Иймд банкуудад байгаа чөлөөт эх үүсвэр 8 их наяд төгрөг төв банканд байршсаныг эх үүсвэр болгон гаргах хөтөлбөр боловсруулсан. Банкууд зээлийн хүсэлийг харилцагч нараасаа мөн цахимаар ч авч байгаа. Өнөөдрийн бичил зээлийн хувьд 70 хувь шинэ, 30 хувь нь дахин санхүүжүүлэх буюу авсан зээлдээ ашиглаж болно гэсэн үг” хэмээв.
Сангийн сайд Б.Жавхлан, “Өмнөх алдааг давтахгүйн тулд энэ зээлийг мэргэжлийн байгууллагаар дамжуулж байна. Арилжааны банкууд үйл ажиллагаа нь тогтсон, зээлдэгчдээ мэддэг учир найдаж байна. Банкууд зээлийг зориулалт бусаар ашиглаж байгаа эсэхийг амархан илрүүлэх боломжтой. Банкуудын IT систем, сүлжээ, мөнгөний урсгалыг хянах байдал нэг үеэ бодвол сайжирсан. Зориулалт бусаар ашиглавал зээлийн батлан даалтын сангийн үйлчилгээ зогсох, өмнөх хөнгөлөлт авсан хүүг эргэж төлүүлэх гэрээний зохицуулалт хийсэн. Өрхийн бизнес эрхэлдэг, ажлын байранд цалин олгодог байх шаардлага тавьсан. Чанаргүй зээлийг нэмэхгүйн тулд мэргэжлийн байгууллагаар дамжуулж байгаа" гэлээ.