2020 оны ургац хураалтын дүнгээр нийтдээ 9.7 мянган га-д хүнсний ногоо тариалж, 115.0 мянган тонн ургац хураан авсан бөгөөд энэ нь дотоодын хэрэгцээний 46 хувийг хангах хэмжээний үзүүлэлт юм. Тиймээс цаашдаа хүнсний ногооны тариалалтыг нэмэгдүүлэх, усалгааны техник тоног төхөөрөмж, бага оврын механикжилтын түвшинг дээшлүүлэх шаардлагатай байна.
“Өрхийн тариалан” хөдөлгөөн хүнсний ногоо тариалалтыг нэмэгдүүлнэ
“Хүнсний ногоо” үндэсний хөтөлбөрийн хүрээнд улсын төсвийн 2.4 тэрбум төгрөгийн хөрөнгөөр төмс, хүнсний ногооны үрийн нөөц бүрдүүлж иргэдэд нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр олгох, улмаар “Өрхийн тариалан” хөдөлгөөн өрнүүлж тариалах талбай, хураан авах ургацын хэмжээг нэмэгдүүлэн, хангамжийг тогтворжуулах зорилгоор 10 нэр төрлийн 147.5 тонн ил талбайн болон хүлэмжийн ногооны үр, 50 тонн төмсний супер элит үрийг тариалалтаас өмнө нийлүүлэх ажлыг зохион байгуулж эхлэв. Энэхүү хөнгөлөлт дэмжлэгт урьдчилсан байдлаар хот, хөдөөгийн 10.5 мянган өрхийг хамруулахаар төлөвлөж байна.
Хүнсний ногоо тариалалтыг дэмжих төслүүд
Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй “Хүнсний ногооны үйлдвэрлэл ба Усалгаатай хөдөө аж ахуй” зээлийн төслийн хүрээнд хүнсний ногооны 7.7 мянган га талбайг услах хүчин чадал бүхий инженерийн хийцтэй услалтын системийг шинээр барих, сэргээн засварлах ажлыг эхлүүлж барилгын зураг төсөл, ТЭЗҮ хийгдэж 2022 оноос баригдаж эхлэнэ. Энэхүү төсөлд Баян-өлгий, Ховд, Говь-алтай, Завхан, Төв, Сэлэнгэ, Хэнтий аймгийн тариалангийн бүс нутгуудад хайгуул хийгдсэн талбай хамрагдах юм.
Азийн хөгжлийн банкны 2.3 тэрбум төгрөгийн санхүүжилтээр хэрэгжиж байгаа “Хоршоолсон хэлбээрээр ногооны аж ахуй эрхлэх замаар өрхийн амьжиргааг сайжруулах” төслийн хүрээнд Сэлэнгэ, Төв, Дархан-уул, Увс аймгийн зорилтот 4 сумын 1048 өрхөд нийтдээ 310 тоннын багтаамжтай хүнсний ногооны зоорь, Дархан-Уул аймгийн Орхон суманд хүнсний ногоо боловсруулах цех, нийслэл хотод 1000 м2, Сэлэнгэ аймагт 120 м2 өвлийн хүлэмж барьж ашиглалтад оруулахаар ажиллаж байна.
Хүнсний ногооны механикжуулалтын түвшинг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд БНПУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн 3,2 сая еврогийн санхүүжилтээр 35-82 морины хүчин чадалтай трактор 132 ширхэг, хүнсний ногооны зориулалттай тоног төхөөрөмж 330 ширхэгийг тус тус нийлүүлж, ногоочиддоо хөнгөлөлттэй нөхцөлөөр олгохоор ажиллаж байна. Мөн Беларусь Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хүнсний ногооны үйлдвэрлэлд зориулсан 35 морины хүчтэй трактор, дагалдах тоног төхөөрөмжийн хамт 30 иж бүрдлийг нийлүүлнэ. Эдгээр төсөл хэрэгжсэнээр хүнсний ногооны 600 гаруй га талбайн гар ажиллагааг механикжуулах юм.