Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын гуравдугаар зэрэг буюу "Улбар шар" түвшинд үйлчилгээний байгууллага 21.00 цаг хүртэл ажиллах бөгөөд 23.00-06.00 цаг хүртэл хөдөлгөөн хязгаарлана гэдгийг УОК-ын дарга, Шадар сайд С.Амарсайхан мэдээллээ.
УОК-ын өнөөдрийн хуралдаанаар, нийслэлд тогтоосон Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын хоёрдугаар зэрэг буюу "Шар" түвшинг даваа гаргаас зэрэглэл дээшлүүлж "Улбар шар"-д шилжүүлэхээр шийдвэрлэсэн юм. Энэ хугацаанд үйлчилгээний газрууд мэргэжлийн байгууллагаас гаргасан "Улбар шар" түвшний халдвар, хамгааллын журмыг мөрдөн ажиллана.
УОК-ын дарга С.Амарсайхан хэлэхдээ, "Шөнийн цагаар хөдөлгөөн хязгаарлахгүй бол олноор цугларах, архидан согтуурах, ахуйн гэмт хэрэг гарах эрсдэлтэй. Мөн энэ цагаар халдвар тархах эрсдэл маш өндөр байна. Тиймээс өдрийн цагаар ажил, амьдралаа хэвийн үргэлжлүүлэх шаардлагатай. Аж ахуйн нэгжүүдэд холбогдох дүрэм, журмыг нь гаргаж өгсөөр байхад, үйлчилгээний танхимд хүний тоо хэтрүүлэх зэрэг эрсдэл үүсгэж байна" хэмээв.
"Улбар шар" түвшинд шилжсэнээр, шөнийн 23.00-06.00 цаг хүртэлх хугацаанд авто замын болон явган хүний хөдөлгөөнийг бүрэн хязгаарлана. Харин НОК-оос гаргасан жагсаалтад хязгаарлахгүй үйл ажиллагаанд багтаж буй тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулах бөгөөд жагсаалт гармагц эргэн мэдээлэх юм.
Ташрамд дурдахад, Засгийн газрын өнгөрсөн сарын 21-ний хуралдаанаар Коронавируст цар тахлын үеийн гамшгийн түвшинг ногоон, шар, улбар шар, улаан гэсэн дөрвөн өнгөөр ангилж, аж ахуйн нэгж, хуулийн этгээдийн ажиллах түр журмыг баталсан. Халдвар хүн амын дунд өргөн тархаж, сүүлийн 14 хоногт шинээр батлагдсан тохиолдлын 25-аас дээш хувьд халдварын эх үүсвэр тодорхойгүй буюу тархвар зүйн холбоогүй тохиолдолд "Улбар шар" түвшинд шилжихээр түр журамд заажээ.