БНМАУ-ын Ерөнхий сайд, Маршал Х.Чойбалсан 1895 оны 2 дугаар сарын 8-нд Сэцэн хан аймгийн Ачит вангийн хошуу, одоогийн Чойбалсан хотод малчин эмэгтэй Хорлоогийн гуравдугаар хүү болон мэндэлжээ.
1921-1924 онд Бүх цэргийн дэд жанжин, 1924-1928 онд Бүх цэргийн жанжин, 1928-1930 онд Гадаад явдлын яамны сайд, Мал тариалангийн яамны сайд, 1934-1936 онд Ерөнхий сайдын жинхэнэ орлогч, 1936-1940 онд ДЯЯ, ЦЯЯ-ны сайд, Бүх цэргийн жанжин, 1939-1952 онд БНМАУ-ын Засгийн газрын Ерөнхий сайд, 1939-1949 онд ГЯЯ-ны сайдын үүргийг хавсран гүйцэтгэж байжээ.
Үндэсний ардчилсан хувьсгалын 100 жилийн ой, “Монгол цэргийн өдөр”-ийг тохиолдуулан ТЕГ-ын Тусгай архив, Монголын Үндэсний Музей, Стратеги академи хамтран “БНМАУ-ын Ерөнхий сайд, шалгарсан баатар, маршал Х.Чойбалсан” гэрэл зураг, баримтын үзэсгэлэнг гуравдугаар сарын 18-ны өдөр дэлгэж байна. Үзэсгэлэнг Монголын Үндэсний Музейн Түр үзэсгэлэнгийн танхимд дөрөвдүгээр сарын 11-нийг нийтэд үнэ төлбөргүй толилуулна.
Маршал Х.Чойбалсангийн хэрэглэж байсан дүрэмт хувцас, бичгийн хэрэглэл, шатар, эмээл зэрэг 60 гаруй ховор үзмэр, 30 гаруй гэрэл зургийг Тусгай архив, Үндэсний музейн сан хөмрөгөөс олон нийтэд дэглэн сонирхуулахаар бэлтгэжээ.
Х.Чойбалсан нь 1936 оны 2 дугаар сарын 21-нд Улсын Бага Хурлын тэргүүлэгчид ба Сайд нарын Зөвлөлийн 14 дүгээр хурлын тогтоолоор анх Маршал цолыг хүртсэн бөгөөд 1936 оны 4 дүгээр сард ДЯЯ-ны бие бүрэлдэхүүнийг цэргийн цолны дүрмийг боловсруулан Сайд нарын Зөвлөлд хэлэлцүүлэн батлуулж байжээ.
МУИС-ийн өмнө байдаг Маршал Х.Чойбалсангийн хөшөөг уран барималч Л.Махвалын эх загвараар түүний дурсгалд зориулан 1946 онд босгосон бөгөөд түүнийг “Нүгэл буяныг хослуулан хураасан удирдагч” хэмээн судлаачид үздэг.