УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар, Засгийн газраас өргөн мэдүүлсэн Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ.
Хуулийн төслийн талаар ХНХ-ын сайд А.Ариунзаяа танилцуулсан. МАХН-ын Төв хороо, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1972 оны 30 дугаар тогтоолоор байгуулагдсан Хүүхдийн төлөө фондын санхүүжилтээр 68 цэцэрлэг, 10 гаруй эмнэлэг, пионерийн 70 гаруй зуслан, Хуримын ордон, Монголын Хүүхдийн ордон зэрэг нийт 200 гаруй бүтээн байгуулалт бий болгосон. Энэ нь хүүхдийн эрх, хөгжлийг дэмжихэд үнэтэй хувь нэмэр оруулсан байдаг.
Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 241 дүгээр тогтоолоор "Хүүхдийн төлөө фонд” Засгийн газрын тусгай сан байгуулахыг дэмжсэн. Ийнхүү Монгол Улсын төр засаг, ард иргэдээс хүүхдийн сайн сайхны төлөө санаачилга гаргаж, асуудлыг шийдвэрлэж ирсэн түүхтэй бөгөөд энэхүү үйл хэргийг уламжлал болгон хэрэгжүүлж, хүүхдийн төлөө хөрөнгө оруулахыг дэмжих хэрэгцээ шаардлага байгааг салбарын сайд танилцуулгадаа онцолсон.
Хүүхэд өсвөр үеийнхний хөгжил, оролцоог дэмжих нь тэднийг эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хамгаалахад чухал алхам болох тул Хүүхдийн төлөө сан байгуулах, улмаар сангийн хөрөнгийг хүүхдэд зориулсан бүтээн байгуулалтыг дэмжих, тив дэлхийн соёл, урлаг, спортын уралдаан, тэмцээнд амжилт гаргасан хүүхдийг урамшуулахад зарцуулдаг байх эрх зүйн орчныг бий болгох зорилгоор хуулийн төсөл боловсруулсныг танилцуулгад дурджээ.