Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар нь 24 цагийн турш иргэдэд мэдээлэл өгөн, үйл ажиллагаа явуулж байгаа. Өчигдөр буюу гуравдугаар сарын 25-нд тус дугаарт иргэдээс нийт 290 дуудлага ирлээ. Нийт дуудлагын хүлээлгийн дундаж хугацаа 16 секунд, иргэнтэй ярьсан дундаж хугацаа 1.27 минут байна. Мөн “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудасны чатботод 27 иргэн хандсанаас найман иргэн автомат хариулагчаас мэдээлэл авч, 19 иргэнд оператор ажилтан мэдээлэл өгч ажиллалаа.
Иргэдээс ирүүлсэн дээрх дуудлагын 77 буюу 26.5 хувийг машин ачилтын талаар, 40 буюу 13.8 хувийг өргөдөл, гомдлын явц, хариу сонсох, 33 буюу 11.4 хувийг төрийн байгууллагын үйлчилгээ, хаяг, утас, байршлын талаарх мэдээлэл, лавлагаа эзэлж байна.
Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаарт иргэдээс вакцины түгээлт, хангамжтай холбоотой түгээмэл ирдэг асуултад хариулт өгье.
-Вакциныг хэрхэн тараадаг вэ?
-ХӨСҮТ-ийн төв агуулахад вакциныг зохих журмын дагуу хадгалдаг бөгөөд тэндээсээ аймаг, дүүргийн эрүүл мэндийн төв, сумын эрүүл мэндийн төв, ӨЭМТ-үүдэд хүйтэн хэлхээний нөхцөлийг алдагдуулалгүйгээр тодорхой хяналтан дор тараадаг.
-Вакцин хүн бүрд хүрэлцээтэй юү?
-Дэлхий даяар коронавирусийн эсрэг вакцины үйлдвэрлэл хязгаарлагдмал байгаатай холбоотой одоогоор вакцин хүн бүрд хүрэлцээтэй биш байна.
-Одоогоор хэдэн вакцины хөгжүүлэлт хийгдэж байна вэ?
-Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр 220 гаруй вакцинд хөгжүүлэлт хийж байна.
НИЙСЛЭЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВ