Өчигдөр Герман улсын эрүүл мэндийн сайд Йенс Шпан тус улсын 16 мужийн эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудтай шуурхай хуралдсаны дараа 60-аас доош насныханд AstraZeneca вакцин тарихыг хязгаарлах шийдвэр гаргажээ.
Уг вакциныг 2.7 сая орчим хүнд тарихад цусны бүлэгнэлийн 31 тохиолдол бүртгэгдсэн нь ийм шийдвэр гаргахад хүргэсэн байна. Бараг бүх тохиолдол нь дундаас доош насны эмэгтэйчүүдээс илэрсэн аж.
Канцлерь Ангела Меркель дархлаажуулалтын хөтөлбөрт нь ашиглагдаж байгаа вакцин бүрийг сайн шалгаж, эргэлзээг арилгах ёстой гэж хэлсэн үгэндээ онцолсон юм. 66 настай Меркель өөрийнх нь ээлж ирэхэд AstraZeneca вакциныг тариулахад бэлэн байгаагаа энэ үеэр илэрхийлжээ.
Энэ сарын эхээр Европын олон орон цусны бүлэгнэл үүсгэдэг шалтгаанаар AstraZeneca вакциныг хүн амынхаа дархлаажуулалтад ашиглахыг түдгэлзүүлж байв.
Европын Холбооны эрүүл мэндийн зохицуулах байгууллага EMA (European Medicine Agency) вакцины эрсдлийг харьцангуй бага гэж дүгнэсний дараа ихэнх орнууд дахин ашиглаж эхэлсэн юм.