Нийслэлийн хэмжээнд нөөцийн махыг хүнсний 405 дэлгүүрээр борлуулахаар боллоо.
Ингэхдээ зорилтот бүлгийн хүн ам, өрхийн тоо, байршилд шаардлага хангасан хөргүүр, хөлдөөгч, Е баримт хэвлэгч пос терминаль төхөөрөмж зэргийг харгалзан үзжээ.
Арилжааны банкны зээлийн эх үүсвэрээр 11 мянган тонн махыг “Мах импэкс” ХК, “ХКҮ”, “Баатрууд тэнгэр”, “Дархан меат фүүдс”, “Эй Эн Ди Эм”, “Нүүдэлчин мах маркет”, “Траст трейд”, “Комит сервис”, “Агро нэгтгэл трейд”, “Цалуут импэкс”, “Соотон”, “Эко фүүдс трейд”, “Эрдэнэт хүнс”, “Цэц манхан”, “Булган мах маркет”, “Ару дана”, “Азат” ХХК зэрэг 17 аж ахуйн нэгж бэлтгэсэн аж.
Нийслэлийн хүн амын 2020-2021 оны өвөл, хаврын улирлын махны хангамжийг нэмэгдүүлэх, үнийг тогтвортой хадгалах зорилгоор Засгийн газрын тогтоол, Нийслэлийн Засаг дарга захирамжийн дагуу мал, мах бэлтгэн нөөцлөх, худалдан борлуулах ажлыг жил бүр зохион байгуулдаг. Өнгөрсөн онд 16 аж ахуйн нэгж 11.3 мянган тонн мах бэлтгэж, хүнсний 318 дэлгүүрээр худалдан борлуулав.
Түүнчлэн нөөцийн мах бэлтгэн нийлүүлэгч аж ахуйн нэгж, махны үйлдвэрийн 91 ажилтан, албан хаагчдыг Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн нэгдэлтэй хамтран коронавируст халдварын дархлаажуулалтад гуравдугаар сарын 27-нд бүрэн хамруулжээ.