Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нар холбогдох албаныхны хамт өнөөдөр нийслэлийн нийтийн тээврийн компаниудын үйл ажиллагаа, хүрэлцээ, хангамж болон халдвар хамгааллын дэглэм хэрхэн мөрдөж байгаатай танилцлаа.
Энэ үеэр авто замын нэгдүгээр эгнээг чөлөөлж өгөөгүйгээс нийтийн тээвэр түгжрэлд орж, автобус хоорондын зай холддог гэдгийг автобус компанийнхан ярьж байлаа. Иймээс энэ асуудлыг шийдэхийн тулд авто замын нэгдүгээр эгнээг камержуулах, нийтийн тээвэр чөлөөтэй зорчих бололцоогоор хангах шаардлагатай байгааг Хотын дарга Ерөнхий сайдад уламжилсан юм.
Хувийн хэвшлийнхэн "Коронавирустэй холбоотойгоор нийтийн тээврийн орлого буурсан. Кондуктортой байхдаа өөрсдөө орлогоо төвлөрүүлдэг байлаа. Харин “Улаанбаатар смарт карт” гарч ирж, картаар үйлчлүүлэх болсноор орлого буурсан. Өдрийн орлого өмнө нь 20 орчим сая төгрөг байсан бол одоо 7-8 сая болсон" гэв.
Л.Оюун-Эрдэнэ: Улаанбаатар смарт карт” компанид шалгалт оруулах хэрэгтэй. Яагаад цахимжихаар орлого багасаад байна вэ гэдгийг тодорхой болго
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар “Улаанбаатар смарт карт” нэвтрэхээс өмнө нийслэлийн төсөвд 53 тэрбум орчим төгрөгийн ачаалал өгдөг байсан. Харин “Улаанбаатар смарт карт” нэвтэрснээр 130 тэрбум төгрөг болсон. Ачаалал улам нэмэгдсэн. “Улаанбаатар смарт карт” компанид аудит оруулах саналтай байгаа. Хаана нь асуудал байгааг тодруулж, хувийн хэвшил болон холбогдох улсуудтай ярилцана” гэдгийг Ерөнхий сайдад хэллээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ч мөн “Улаанбаатар смарт карт” компанид шалгалт оруулах хэрэгтэй. Яагаад цахимжихаар орлого багасаад байна вэ гэдгийг тодорхой болго” гэдэг үүрэг өглөө.
Хотын дарга энэ үеэр нийтийн тээврийн парк шинэчлэлийг дорвитойхон хийх хэрэгтэй байгааг онцолсон. Тухайлбал, Засгийн газрын 2009 онд авсан 400 автобусны ашиглалтын хугацаа энэ онд дуусаж байгаа юм.
Эх сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС