Хог хаягдлын менежментийн талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хог хаягдлын удирдлага, зохицуулалтын хэлтсийн дарга С.Аригуунтай ярилцлаа.
-Цар тахлын халдварыг бууруулах, урьдчилан сэргийлэх чиглэлээр танай хэлтэс ямар ажил хийж байна вэ?
-Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба 2020 оны гуравдугаар сараас эхлэн нийслэлийн хэмжээнд халдваргүйтгэлийн ажлыг үндсэн бодлогоор хариуцаж, нэгдсэн удирдлагаар ханган ажиллаж байна. Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, аж ахуйн нэгж байгууллагуудын халдваргүйтгэлийн ажлыг манай байгууллага хариуцан зохион байгуулалт хийн ажиллаж байгаа бол тухайн голомтын буюу халдвар авсан иргэний гэрийн халдваргүйтгэлийн ажлыг Зоонозын өвчин судлалын үндэсний төв /ЗӨСҮТ/-ийн мэргэжлийн баг хийж байгаа. Халдваргүйтгэлийн ажил өдөр бүр, тасралтгүй зохион байгуулагдаж байна. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 1-нээс хөл хорио тогтоосонтой холбогдуулан голомтын халдваргүйтгэл буюу халдвар авсан иргэний явсан маршрут, хаагуур зорчсон тухай мэдээлэл манайд ирдэг. Энэ маршрутын дагуу халдваргүйтгэлийг мэргэжлийн тусгай зөвшөөрөлтэй байгууллагуудаар хийж, гүйцэтгүүлэх ажлыг зохион байгуулж байна. Цаг агаар дулаарч гадаа нэмэх хэмтэй болж байгаа энэ үед мананцар үүсгэгч тусгай зориулалтын автомашинаар цар тахал хамгийн их голомтолж тархаад байгаа бүс, орон сууц, гэр хорооллын орчны халдваргүйтгэлийн ажлыг хийж эхэлсэн. Өчигдөр Сонгинохайрхан дүүргийн халдваргүйтгэлийг хийж дуусгасан бол өнөөдөр Баянгол дүүрэгт хийж байна. Цаашид Чингэлтэй, Сүхбаатар зэрэг бүх дүүрэгт тусгай зориулалтын таван машин халдваргүйтгэл хийнэ.
-Ариутгал, халдваргүйтгэл хийж байгаа байгууллагуудын хүчин чадал ямар байгаа вэ?
-Бүгд тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүд байдаг. Тусгай зөвшөөрлийг Нийслэлийн Эрүүл мэндийн газар олгодог. Эрүүл мэндийн салбараас мэргэжлийн байгууллагуудын чадавх, нөөц бололцоонд шалгалт хийдэг юм. Нийслэлийн хэмжээнд 70 гаруй байгууллага тусгай зөвшөөрөлтэй гэсэн судалгаа байгаа. Эдгээрээс идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа 40 гаруй байгууллагатай Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба 2020 оноос эхлэн хамтран байгууллага, СӨХ-ны халдваргүйтгэлийн ажилд оролцуулан ажиллаж байна. Бид урьд нь халдваргүйтгэлийг automax гэдэг шүршдэг, механик төхөөрөмжөөр хийдэг байсан бол Нийслэлийн Засаг дарга, Улаанбаатар хотын Ерөнхий менежерээс тодорхой чиглэлийн шаардлагууд тавьсны дүнд мэргэжлийн байгууллагууд мананцар үүсгэдэг автомат төхөөрөмжтэй болсон. Тухайн орчноо ариутгах, цахилгаанд залгадаг ийм төрлийн ариутгалын төхөөрөмжийг байгууллагууд их хэрэглэж байна. Тусгай зөвшөөрөлтэй байгууллагууд хүн хүчний хувьд бололцоотой, бэлтгэгдсэн байна. Голомтын халдваргүйтгэл хийж байгаа байгууллагууд бүгд ЗӨСҮТ-ийн мэргэжлийн сургалтад хамрагдаж, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хяналттайгаар өдөр бүр маршрутын болон голомтын эцсийн халдваргүйтгэлийг хийдэг. Тиймээс байгууллагууд боловсон хүчний хувьд ч, багаж тоног төхөөрөмжийн хувьд ч чадавхижсан байгаа.
-Хог хаягдлыг бууруулах менежментийн чиглэлд ямар ажил хийж байна вэ?
-Улаанбаатар хотын хог хаягдлыг бууруулах менежментийг сайжруулахаар 2017 оноос хойш олон ажил хийсэн. Хог хаягдлын тухай хууль 2017 оны тавдугаар сарын 12-нд шинэчлэн батлагдсан. Өмнөх хуулиасаа концевцын хувьд өөрчлөлт орсон. Хогийг хог гэж харахаа больё, хогийг эдийн засгийн эргэлтэд оруулъя, байгалийн цэвэр түүхий эдийг хэмнэе, дахин боловсруулсан түүхий эдийг ашигладаг болъё гэсэн гол үзэл баримтлалын дор Хог хаягдлын тухай хууль боловсруулагдсан байгаа. Хуулийн хэрэгжилтийг хангуулахаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба 2017 оноос хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилж, ялгах сэтгэл зүйг нийслэлийн иргэдэд бий болгохоор олон туршилтыг хороод, СӨХ-нд хийсэн. Өнөөдрийн хэмжээнд энэ ажил өргөжин хийгдэж байгаа. Аж ахуйн нэгж, байгууллагууд 100 хувь биш ч гэсэн ямар ч байсан ангилах ёстой гэсэн мэдээлэлтэй болсон байна. Зарим хэсэг нь хогоо ангилаад хэвшсэн. Зарим нь ангилсан хогоо мөнгө болгож эдийн засгийн эргэлтэд оруулж байна.
-Нийслэлд хог дахин боловсруулах хэчнээн үйлдвэр байдаг вэ?
-Улаанбаатар хотод дахин боловсруулах чиглэлийн 20 гаруй үйлдвэр бүртгэлтэй байдаг. Идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа нь ихэвчлэн хуванцар, цаасны үйлдвэр. Цаас гэдэг нь бор буюу хайрцагны кардон цаас юм. Үүнийг боловсруулдаг хоёр үйлдвэр бий. Одоогоор нэг нь засвартай байгаа. Ундааны сав, гялгар уут, бусад хог хаягдлыг боловсруулах үйлдвэр мөн ажиллаж байна. Улаанбаатар хотоос гарч байгаа хог хаягдлыг бууруулах ёстой. Бид өнөөдөр хог хаягдлыг төвлөрсөн хогийн цэгт дарж булж байгаа. Байгальд дарж булж байгаа хог хаягдлын хэмжээг бууруулах ёстой гэсэн том зорилт тавин ажиллаж байна. Үүнийг бууруулахын тулд хог ачилтыг бууруулах ёстой. Тэр нь ангилан ялгалт, дахин боловсруулалт юм. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг хуульд заасан үүргээ биелүүлж, хогоо ангилж ялгах тогтолцоог нэвтрүүлэх юм бол төвлөрсөн хогийн цэг рүү явж байгаа 100 тонн хогийн 20-30 тонн нь ангилан ялгалт хийгдэж дахин боловсруулах үйлдвэр рүү очно. Ингэснээр байгальд булагдах хог 20-30 хувь буурна гэсэн үг.
-Нийт хог хаягдлын хэдэн хувийг дахин боловсруулж байгаа вэ?
-Одоогоор 12-13 хувийг дахин боловсруулж байгаа. Өнгөрсөн жилийн хувьд Улаанбаатар хотоос төвлөрсөн хогийн цэгт 1.2 сая тонн хог хаягдал очсон байна. Төвлөрсөн хогийн цэгт очсон хог хаягдлыг тэнд ажиллаж байгаа хүмүүс ангилан ялгаж, дахин боловсруулах үйлдвэрүүдэд өгдөг. Хог хаягдлын бүтцийг авч үзвэл мөнгө болгох боломжтой хог хаягдал 60-70 хувьтай байна. Нийт хог хаягдлын 50 хувийг үнс эзэлдэг. Сайжруулсан түлш хэрэглэж эхэлснээс хойш үнсийг дахин ашиглаж болно гэсэн судалгаа гарсан. Дахин ашиглахдаа барилгын алаг хавтан, бетонон зам, авто замын сууринд хэрэглэх боломжтой гэдгийг мэргэжлийн байгууллагууд хэлсэн. Бид үүнийг стандарттай болгохоор ажиллаж байна. Стандарттай болоод ирэхээр үнсийг дахин боловсруулж, барилгын материалд ашигладаг болох үүд нээгдэнэ. Барилгын материал үйлдвэрлэгчид үнсийг дахин боловсруулж, ашиглаад эхэлбэл Улаанбаатар хотын хог хаягдал 50 хувиар буурна. Үлдсэн 50 хувьд цаас, хуванцар, шил багтана. Энэ онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо, БОАЖЯ-наас шил боловсруулах үйлдвэр барихаар төсөв хөрөнгө шийдвэрлэгдсэн. Өмнө нь архи, ундааны шилийг л дахин ашигладаг байсан бол одоо хагарч бутарсан, цонхны шил зэрэг бүх төрлийн шилийг буталж, дахин боловсруулдаг үйлдвэр барихаар ажиллаж байна. Энэ бол том дэвшил. Металл дахин боловсруулах чиглэлийн үйлдвэр манайд бий. Хөнгөн цагаан лааз цуглуулж, хайлуулж, дахин боловсруулдаг үйлдвэр үйл ажиллагаагаа явуулж байгаа. Бидний өдөр тутамдаа гаргаж байгаа хог хаягдал мөнгө болох боломжтой. Жишээ нь хүнсний хог хаягдал. Айл өрхийн хог хаягдлыг үнэр оруулж бохирдуулдаг нь хүнсний хог хаягдал байдаг. Тэгвэл хүнсний хог хаягдлыг ангилж ялгадаг, түүнийг нь бордоо болгох төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж эхэлж байна. Хог ангилан ялгахтай холбоотой, Хог хаягдлын тухай хуулийн үзэл, баримтлалыг илүү нарийвчлан зохицуулсан журмыг 2020 онд НИТХ-аар батлуулсан. Энэ журамд хогоо хэдэн төрлөөр хэрхэн ангилах, ангилсан хогоо яаж хадгалах гээд бүгдийг заасан байгаа. Бид эрх зүйн орчинтой болсон гэсэн үг.
Хог ангилахад ямар ч хүндрэл, бэрхшээл байхгүй. Таны ангилсан хог дахин боловсруулалтад орж байгаа гэдэгт итгэж болно. Нийслэлчүүд ээ, хогоо ангилан ялгадаг болцгооё.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС