Коронавсирусийн халдвар авсан иргэн гэртээ нас барах тохиолдол нэмэгдсэн юм. Тиймээс Улсын онцгой комиссын хурлаар халдвартай иргэдийг тусгаарлах, эмчлэх байр, орны тоог нэмэгдүүлж, гэрээр эмчлүүлж байгаа иргэдийг тусгаарлах байранд шилжүүлэхээр болсон юм.
Эрүүл мэндийн яам нь Covid-19-тэй хүнийг хүлээж авах орны нөөцийг нэмэгдүүлэхээр эмнэлгийн зориулалтаар ашиглах 10 мянган ор гаргах төлөвлөгөө боловсруулжээ. Одоогоор хувийн хэвшлийн эмнэлгүүдийг эмч, ажилчидтай нь дайчлахаар талуудтай ярилцаж, гэрээ хэлэлцээ хийж эхэлсэн байна.
Урьд нь ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Яармагийн 300 ортой эмнэлэг дээр 1000 гаруй ор бэлдсэн бөгөөд байдал хүндэрвэл Бөхийн өргөө, Буянт-Ухаад ор дэлгэх байдлаар зохицуулахаар төлөвлөөд байв.
Эрүүл мэндийн сайдын хувьд халдвартай хүнийг хүлээж авах орны тоог нэмэгдүүлэхдээ аль болох эмнэлгийн зориулалтаар ашиглах боломжтой, зөөврийн хүчилтөрөгч байрлуулах боломжтой, эмч эмнэлгийн ажилчид нь ажиллаж боломжтой байхаар зохион байгуулалт хийх шаардлагатай гэж үзэн, төр болон хувийн хэвшлийн эмнэлгүүдийг дайчлахаар болсон аж. Ингэхдээ үндсэн тусламж үйлчилгээг нь алдагдуулалгүйгээр аль нэг хэсгийг нь ашиглах байдлаар зохицуулалт хийх юм байна.
Өнөөдрийн байдлаар Буянт-Ухаад 400 ор гаргаад байгаа ч эмнэлгийн зориулалтаар ашиглаж болох газруудыг ашиглах нь тохиромжтой тул түр хойшлуулахаар болсон байна. Буянт-Ухаа болон Бөхийн өргөөд Covid-19-тэй хүнийг тусгаарлан эмчлэхэд хоол болон ариун цэврийн өрөөний асуудал үүсээд байна. Тиймээс эмнэлгийн зориулалтаар ашиглаж болох газруудыг төлөвлөгөөнд оруулж, цаашид ч эмнэлгийн зориулалтаар ашиглах орны тоог нэмэх төлөвтэй байгаа юм.