Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч З.Төмөртөмөө “Үндэсний мод тарих өдрийн хүрээнд мод тарих ажил хийж, БОАЖЯ-тай хамтран өрх бүрд мод тарьж байна. Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангаж байгаа” гэсэн бол Нийслэлийн Байгаль орчны газрын дарга М.Нямбаяр “Хан-Уул дүүргийн 15 га-д 30 мянган тарьц, суулгац суулгана. Баянзүрх дүүрэгт 45 га-д ойн зурвас байгуулах, ойжуулах ажил эхэлсэн” хэмээн хэллээ. Хотын дарга нэг удаа мод тариад орхих биш, технологийн горимыг алдахгүй, мөн усалгаа, арчилгаанд сайтар анхаарч байхыг санууллаа. Мөн “Нүхэн жорлонгийн стандартад нийцсэн технологи нэвтрүүлж, байгаль орчинд ээлтэй, хөрсний бохирдолгүй, тэжээлийн бордоо болгож байгаа ОХУ-ын Буриадын туршлагыг судал. Үүнийг эрчимжүүлэхэд хэдий хугацаа, ямар хэмжээний төсөв хэрэгтэй байгааг тодорхой судалж, шуурхай нэвтрүүлэх хэрэгтэй” гэлээ. Түүнчлэн нийслэлийн төр, захиргааны байгууллагын удирдлагуудыг өөрийнхөө гэр оронд анхаардаг шигээ хотдоо анхаарч, хийж байгаа ажилдаа сэтгэлтэй хандахыг хүссэн юм. Мөн “Зүлэгжүүлэх, ойжуулах, Улаанбаатар хотыг ногоон болгоход та бүхний хичээл, зүтгэл чухал. Наадмын дараа маргааш гэдэг. Одооноос бэлтгэл ажлаа сайтар хангаарай” гэв.