Шэньчэнь хотын өндөр байшин дахин ганхаж эхлэв. Пүрэв гарагт оффисийн ажилтнууд 35, 55, 60 дахь давхарт ганхалтыг мэдэрчээ. United News порталын авсан дүрсэнд цахилгаан сэнс савлаж, усан сангуудын ус цалгиж байгаа нь бичигджээ.
Бараг 300 метр өндөр SEG Plaza цамхаг тавдугаар сарын 18-наас ганхаж эхэлсэн юм. Тэр үеэр байшингаас холдон гүйж байгаа хүмүүсийн бичлэг нийгмийн сүлжээнд гарч байв. Тухайн өдөр байшинд 15 000 хүн ажиллаж байсныг хагас цагийн дотор тэндээс гаргасан ажээ. Үүний дараа хийсэн шалгалтаар барилгын савлалт хэвийн хэмжээнд байгааг тогтоож хүмүүс ажилдаа эргэн оржээ.
Дэлхийд хамгийн томд тооцогдох цахим төхөөрөмжийн зах байрладаг SEG Plaza цамхаг нь хөл хөдөлгөөн ихтэй Хуацянбэй худалдааны дүүрэгт оршдог. Уг барилга нь Хятадын хамгийн өндөр байшингуудын чансааны 104-т бичигджээ.