Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга И.Баатархүү нар Нийслэлийн Аялал жуулчлалын газарт ажиллалаа. Тус газар нь 21 алба хаагчтай, 18 чиг үүрэг хүлээсэн байгууллага юм.
Нийслэлийн Аялал жуулчлалын газраас UB travel expo, UB явган аялал фестиваль, UB food фестиваль, City tour, Талын салхи наадам, Дээлтэй монгол наадам, Тал нутгийн монгол марафон, тусгай сонирхлын аялал зэрэг олон ажил хийж байгааг тус газрын Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга В.Батчимэг танилцуулсан. Үндэсний их баяр наадмын нээлтийг 10 мянган жуулчин үзэх хүсэлт гаргадаг ч бүгд үзэх боломжгүй байдаг. Мөн гурван улсын цайны замын холбоог байгуулж, жуулчдын тоог нэмэгдүүлэх, түүх, соёлын дурсгалт газруудыг багтаасан маршрутыг шинэчлэх зэрэг олон ажлыг эрчимжүүлэхээ Нийслэлийн Аялал жуулчлалын газрын алба хаагчид хэлж байлаа.
Манай улсыг зорин ирж байгаа жуулчдын 90 хувь нь нийслэл хотоор дамжин өнгөрдөг. 2019 онд 570 мянган жуулчин ирж, аялал жуулчлалын салбараас улсын төсөвт 7.3 тэрбум төгрөгийн татварын орлого оржээ. Харин 2020 онд коронавирус гарч, дэлхий даяар аялал жуулчлалын салбар уналтад орсон ч улсын төсөвт 5.2 тэрбум, 2021 оны дөрөвдүгээр сарын 30-ны байдлаар 1.4 тэрбум төгрөг төвлөрүүлсэн байна.
Аялал жуулчлал гэдэг бол тухайн улс, нийслэл, орон нутгийн нэрийн хуудас болох салбар. Тиймээс Нийслэлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх хөтөлбөрийг боловсронгуй болгох шаардлагатай байгаа. Цар тахлын улмаас аялал жуулчлалын салбар зогсонги байдалд орсон ч жуулчин татах, эдийн засагт оруулах үр өгөөжийг нэмэгдүүлэх, боловсон хүчнийг чадваржуулах, сурталчилгааны ажлуудыг эрс шинэчлэх хэрэгтэй байгааг Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн уулзалтын үеэр онцоллоо.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС