Засгийн газар өнөөдрийн хуралдаанаараа хөхүүл болон жирэмсэн эмэгтэйчүүдэд Файзер вакцин хийх шийдвэр гаргажээ. Улсын хэмжээнд вакцины нэгдүгээр тунгийн хамрагдалт 89, хоёрдугаар тунгийн хамрагдалт 46 хувьтай байгаа ажээ. Өнөөдрийн байдлаар манай улс 4.7 сая тун вакцин татан авчээ. Хамгийн сүүлд буюу урд шөнө "Ковакс" хөтөлбөрийн хүрээнд 100 мянган тун Файзер вакцин авчээ. Файзер вакциныг жирэмсэн болон хөхүүл эмэгтэйчүүдэд хийхээс гадна эмчийн заалттай хүмүүст хийх юм байна. Улсын хэмжээнд ийм шалтгаанаар вакцинаас хоцорсон 53 мянган эмэгтэй байгаа гэсэн судалгааны дүн гарчээ.
Эрүүл мэндийн яамны Эх барих эмэгтэйчүүдийн мэргэжлийн салбар зөвлөл олон улсын судалгаа, мэдээлэлд үндэслэн “жирэмсэн эмэгтэйчүүдэд Файзер вакцин тарих боломжтой” гэсэн зөвлөмж гаргасан байна. Мөн халдвар авах өндөр эрсдэлтэй жирэмсэн, хавсарсан эмгэгтэй жирэмсэн хүнд эмчлэгч эмч, эрүүл мэндийн ажилтны заавраар вакцин хийж болно гэж ДЭМБ зөвлөдөг юм.
Хөхүүл эмэгтэйчүүдийг үйлдвэрлэгчийн өгсөн заавар, зөвлөмжийн дагуу Синофарм үйлдвэрийн Вероселл вакцинд сайн дурын үндсэн дээр хамруулж байгаа. Хэрэв үүнд хамрагдаж амжаагүй бол Файзер вакцин тариулах боломжтой.