Засгийн газар 2.5 сая тун Pfizer вакцин нэмж худалдан авахаар гэрээ хийсэн тухай Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа мэдээлжээ. Тус вакцины татан авалтыг энэ сарын дундаас эхлүүлэхээр төлөвлөсөн байна.
Түүнчлэн уг вакцинаар 12-17 насны хүүхдүүдийг дархлаажуулах талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдэгдлээ.
Тэрбээр "Засгийн газраас 2.5 сая тун Pfizer вакцины гэрээ хийсэн. Одоогийн байдлаар 1,185,991 хүүхдийг вакцинжуулах төлөвлөлтийн судалгааны ажил хийгдэж байна. Европын холбоо болон Канад, АНУ зэрэг улсад 12-15 насны хүүхдүүдээ вакцинжуулалтад хамруулаад эхэлсэн. Тэгэхээр дараагийн Pfizer вакцины татан авалтаар 12-17 насны хүүхдүүдийг вакцинжуулах төлөвлөлтийг хийж байна.
Хэрвээ 12-17 насны 290 мянган хүүхдийг вакцинжуулах юм бол нийт хүн амынхаа 68.6 хувийг вакцинд бүрэн хамруулна гэсэн тооцоо гарсан" гэлээ.