БШУ-ны яаманд өнөөдөр төсвийн тогтолцоог цахим хэлбэрт шилжүүлэх төслийн нээлт боллоо. Нээлтийн арга хэмжээнд Сангийн сайд Б.Жавхлан оролцож, үг хэлсэн юм. Энэ үеэр сэтгүүлчид Б.Жавхлан сайдаас цаг үеийн зарим асуудлуудыг тодрууллаа.
-Долдугаар сарын 1-нээс “Ковид-19” халдварын үед хэрэгжүүлж буй хөнгөлөлт болон бусад арга хэмжээ дуусч байна. Үүнд ямар нэг зохион байгуулалт төлөвлөж байгаа юу?
-Ирэх долдугаар сарын 1-нээс бүх халамжийн арга хэмжээ зогсоно. Хүүхдийн мөнгө 20 мянга болж, тог, дулаан, ус зэргийн төлбөр төлөгдөж эхэлнэ. Энэ асуудал улсын төсвийн хувьд тулгамдсан асуудал. Иймд эрсдэлийн шинжилгээ хийж байна. Төсвийн хөрөнгө оруулалт, төрийн өмчит компаниуд яаж ажиллах вэ зэрэг хүчин зүйлүүд хамаарна. Ямар дэглэм рүү шилжих ёстойг ковидын нөхцөл байдалтай уялдуулан тооцож байна. Тодорхой төлөвлөгөө гараагүй. Энэ асуудлыг чухалчлан анхаарна.
Ковидын нөхцөл байдал эдийн засагт хэрхэн нөлөөлж байгаа талаар цогц эрсдэлийн шинжилгээ хийж, цаашид яаж шилжилт хийх вэ гэдгээ тооцоолох ёстой. Цар тахлын өмнөх суурь руу шууд шилжих боломж байна уу. Эдийн засаг үүнийг даах уу гэдэг дээр шинжилгээ хийж байна. Шийдвэр гаргахад хараахан болоогүй байна. Одоогийн нөхцөл байдлыг харахад бидэнд шилжилтийн үе хэрэгтэй гэдэг нь харагдаж байна. Гэхдээ ямар түвшинд байх вэ гэдгийг одоо шууд хэлэхэд хараахан эрт" гэж хэллээ.