Боловсролын салбарын цахим шилжилтийн талаар БШУЯ-наас өнөөдөр мэдээлэл хийлээ. Энэ үеэр салбарын сайд Л.Энх-Амгалан сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
- Цэцэрлэгт хоёр настай хүүхдийг хамруулахгүй, 3-5 насныхыг хамруулна гэж Боловсролын багц хуульд оруулж байгаа. Хэрэв энэ хууль 9 дүгээр сарын 1-нээс мөрдөгдөж эхэлбэл 50,000 орчим хүүхэд цэцэрлэггүй яах вэ?
-Энэ бол буруу мэдээлэл. Ирэх долоо хоногт боловсролын багц хуулийг өргөн барих гэж байна. Сургуулийн өмнөх боловсрол гэж 3-5 насыг хэлж байгаа юм. 0-3 насны хүүхдийнх боловсрол биш, эрүүл мэнд, хөгжлийн асуудал байна. Хоёр настай хүүхдийг цэцэрлэгт авахгүй гэдэг нь буруу ойлголт юм. Цэцэрлэг нь өөрийн хүчин чадал, байршил боломжоос шалтгаалаад ясли, хүүхэд харах үйлчилгээг нээж болно.
Боловсролын багц хуулийн гол зорилт нь сургуулийн өмнөх боловсрол гэдэг нь 3,4,5 настай хүүхдийг оруулна. Түүнээс биш ясли болон хүүхэд харах тогтолцоог халж, 0-3 насны хүүхдээ эцэг, эх өөрсдөө харна гэдэг нь буруу ойлголт.
Өргөн барих гэж буй шинэ хуульд сургуулийн өмнөх насны хүүхдүүдийг онцгойлон анхаарах, ялангуяа 5 настай хүүхдийг цэцэрлэгт 100% хамруулах зорилтыг тавьж байгаа. Тиймээс 0-2 насны хүүхдэд сонголт хийгдэж байгаа. Эцэг, эхчүүд хүүхдээ өөрсдөө харж болно. Эсвэл ясли болон хүүхэд харах үйлчилгээгээр харуулж болно.
Дэлхий нийтэд 3-5 насыг сургуулийн өмнөх боловсрол гэдэг. Харин 0-2 насыг сургуулийн өмнөх боловсрол биш, хүүхдийн эрүүл мэнд, хөгжлийн асуудал байдаг учир эцэг, эхчүүдийн оролцоо чухал. Ийм учраас хоёр настай хүүхдийн хувьсах зардлыг эцэг, эхчүүдэд өгнө гэж ярьж байгаа. Энэ нь эцэг, эхчүүдэд сар болгон 110,000-120,000 орчим төгрөг очно гэсэн үг.
Мөн цалинтай ээж хөтөлбөрийн хүрээнд 0-3 насны хүүхдээ харж буй ээжүүдэд 50,000 төгрөг өгч байгаа. Үүн дэр нэмээд сар бүр хүүхдийн 100,000 төгрөг өгч байгаа. Эдгээрийн дүнд 0-3 насны хүүхдээ харж буй эцэг эхчүүдэд нэг сард 250,000-300,000 төгрөгийн тэтгэлгийг төрөөс өгөх болно. Энэ мөнгөөр эцэг, эхчүүд хүүхдээ харах уу эсвэл яслид төлбөрөө төлөөд хүүхдээ харуулах боломжийг олгоё гэж байгаа юм.