Ховд аймаг, Улаанбаатар хотын чиглэлийн 1500 км замыг явган туулахаар Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн ахлах ахлагч Э.Даваажамц яг өнөөдрийн байдлаар 13 дахь өдрөө гүйж байгаа аж.
Э.Даваажамц одоогоор нийт замын 530 км-ыг нь туулаад байна. Өдөрт дунджаар 40-45 км замыг туулж байгаа юм байна.
Тэрбээр нийтийн биеийн тамирыг хөгжүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулах, Зэвсэгт хүчнийхээ нэр хүндийг өргөж, Монгол цэргүүдийн тэсвэр хатуужил, эр зоригийг харуулах, Монгол Улсын холын зайн гүйлтийн дээд амжилтыг шинэчлэх зэрэг олон зорилго тээж яваа гэнэ.
Түүний хань М.Мөнхзаяа нь тогоочоор, хадам ах М.Одгэрэл нь жолооч-дасгалжуулагчаар, Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн эмч Б.Золбоо эмчээр явж байгаа гэнэ.
Тэрбээр ирэх долоодугаар сарын 10-ны өдөр буюу Монгол Улсын Төрийн далбааны өдрөөр жанжин Д.Сүхбаатарын талбайд очих төлөвлөгөөтэй хэмээжээ.