Тяньхэ модулийг Вэнчан хотын сансрын хөөрөлтийн төвөөс хөөргөв. Хятад улс улам бүр далайцтай сансрын хөтөлбөр хэрэгжүүлж буй хамгийн сүүлийн жишээ нь шинэ сансрын станцын үйл ажиллагааг эхлүүлсэн явдал юм. Хятад улс шинэ станцыг 2022 он гэхэд ашиглалтад оруулна гэж найдаж байгаа аж. Одоогоор тойрог замд байгаа цорын ганц сансрын станц бол Олон улсын сансрын станц бөгөөд Хятад үүнд хамааралгүй байдаг гэнэ. Сансар судлалын салбарт БНХАУ хожимдож байгаа ч оройхон гараад ширүүхэн дайрна гэдэг шиг улсынхаа төсвөөс асар их хэмжээний мөнгийг энэ салбартаа хаяж олон олон шинэ төсөл хөтөлбөрүүдийг эхлүүлээд байгаа юм.
Дэлхийн тойрог замд Тиангонг-1 ба Тиангонг-2 нэртэй 2 хөлгийг илгээгээд байсан Хятад улсын энэхүү 2 хөлөг нь сансрын нисгэгчид харьцангуй богино хугацаанд оршин суух зориулалттай энгийн модулиуд байсан байна. Харин шинэ станц Тиангонг нь олон модультай, 66 тоннын даацтай, дор хаяж 10 жилийн хугацаанд ашиглалтад байхаар төлөвлөгджээ. Тяньхэ бол түүний гол бүрэлдэхүүн хэсэг юм. Энэ нь 16.6м урт, 4.2м өргөн юм. Энэ нь сансрын нисгэгчдэд шаардагдах хоол хүнс, эрүүл мэндийг нь дэмжих технологи, амьдрах орчныг багтаасан хүч, хөдөлгүүрийг агуулах болно. Бээжингийн сансар судлалын төв станцыг ирэх онд барьж дуусахаас өмнө дор хаяж 10 ижил төстэй хөөрөлт хийхээр төлөвлөж байгаа бөгөөд бүх нэмэлт тоног төхөөрөмжийг тойрог замд оруулна. Энэ нь 340-450 км (210-280 миль) өндөрт дэлхийг тойрон эргэх болно гэжээ.