Манай улсад Коронавируст халдварын тархалт эрчийг авч олон хүн өвчилж байхад Цахим хэлбэрээр наадам зохион байгуулж олон тэрбум төгрөг төсвөлсөн нь ард иргэдийн дургүйцлийг төрүүлж байгаа юм. Тэгвэл халдвар хөдөө орон нутагт нэмэгдэж байгаатай холбоотойгоор баяр наадамд зарцуулах төсвийг цар тахалтай тэмцэхэд зарцуулахаа зарим аймаг мэдэгдээд буй.
Одоогоор баяр наадам зохион байгуулахгүй гэж мэдэгдсэн найман аймаг байна. Үүнд:
- Баянхонгор
- Дархан-Уул
- Дорнод
- Орхон
- Өвөрхангай
- Сүхбаатар
- Сэлэнгэ
- Хэнтий
Баянхонгор аймгийн ИТХ
Баянхонгор аймгийн иргэдийн төлөөлөгчдийн зургаадугаар сарын 29-ний хурлаар наадам тэмдэглэхгүй байхаар шийджээ.
Дархан-Уул аймгийн ЗДТГ:
Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт 2021 оны долоодугаар сарын 1-нээс 2021 оны есдүгээр сарын 1-ний өдөр хүртэл баяр наадам, ойн арга хэмжээ зохион байгуулахыг хориглохоор болжээ.
Дорнод аймгийн ЗДТГ-аас гаргасан мэдээлэлд:
Дорнод аймаг болон сумдад баяр наадам зохион байгуулахгүй. Наадам тэмдэглэн өнгөрүүлэхэд төсөвлөсөн зардлыг Ковид-19 халдвартай тэмцэх ажилд зарцуулна.
Орхон аймгийн Засаг дарга
Орхон аймгийн Засаг дарга С.Батжаргал МҮОНТВ-д өгсөн ярилцлагадаа баяр наадмын төсвөө эрүүл мэндийн салбарт зарцуулахаа мэдэгдэв.
Өвөрхангай аймгийн Онцгой комисс
Өвөрхангай аймаг баяр наадамтай холбоотой аймгаас төсөвлөсөн зардлаа эрүүл мэндийн салбарын ажилчдыг урамшуулах, урам зоригийг нь нэмэгдүүлэх, эрүүл мэндийн салбарт нэн шаардлагатай тоног төхөөрөмж, дутагдалтай байгаа эм, эмнэлгийн хэрэгслийг авахад зарцуулахаар шийдвэрлэжээ.
Сүхбаатар аймгийн Засаг дарга:
Аймгийн баяр наадмын тов тогтоох тухай Засаг даргын захирамжийг хүчингүй болгосугай хэмээн захирамж гаргасан байна.
Хэнтий аймгийн ЗДТГ:
"Хэнтий аймаг наадам зохион байгуулахгүй. Аймгийн наадмын зардлыг "Зүрх мартахгүй" төслийн хүрээнд яаралтай хагалгаанд орж байгаа 10 гаруй хүүхдийн эмчилгээний зардалд зориулна" гэжээ.